Хууль эрх зүй
2014-10-10
Уламжлалт морин уралдаан ба эрх зүй: Хүүхдийн эрхийн асуудал-1

Ангилал: 2014

Унаач хүүхдийн асуудал ойрын жилүүдэд хурцаар тавигдаж байна. Хүүхдүүдийн тухай унасан бэртсэн, зарим нь хорвоог орхисон гээд олон сэтгэл эмзэглэм асуудлууд урд урдын жилүүдээс илүүтэй сонсогдох болжээ. Бүх л арга хэлбэрээр бид хүүхдүүдээ хамгаалах ёстой байтал тэднийгээ ийнхүү эрсдэл рүү түлхэж байгааг хэрхэн тайлбарлах вэ? Өөрсдийнхөө хүүхдүүдийг унуулаад давхиулаасай гэх нь ч байна.

Хүүхдийн эрхийн тухай 1989 оны НҮБ-ын конвенцэд Монгол Улс 1990 онд нэгдэн орсон байдаг. Энэхүү конвенцийн 6–р зүйлд зааснаар “Оролцогч улсууд хүүхдийн амьд явах жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрнө. Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана. Оролцогч улсууд хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үр нөлөөтэй бөгөөд зохистой бүх арга хэмжээг авна” гэж олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө ам тангаргаа өргөснөө мартах ёсгүй билээ.

Харин нөгөө талаас уламжлалт морин уралдаан нь монгол орны төрт ёсны бэлэг тэмдэг учир энэхүү уралдааныг хорих боломж байхгүй, харин хүүхдийг эрсдэлд оруулж болзошгүй бүхий л нөхцлүүдийг багасгах нь зүйтэй гэсэн хэсэг ч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт “төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх” тухай заасан байдаг. Тиймээс юун түрүүнд хүүхдээр унуулдаг морин уралдаан нь төрт ёсны түүхэн уламжлал мөн үү гэдгийг нотлох нь зүйтэй юм.

Эзэн Чингис хааны үед ч түүнээс өмнө ч монголчуудын амьдрал, амьдрах хэв маяг нь морьтой холбоотой байсан нь тодорхой. Морь эдлэх нь нүүдлийн соёл иргэншлийн салшгүй хэсэг тул Монгол хүүхэд бүр морин дэл дээр өссөн гэдэг нь ч мөн үнэн. Үүнийг заавал эд мөрийн баримтаар нотлох гээд, эсхүл үгүйсгэх гэж зүтгэх нь учир дутагдалтай.

Зарим хүмүүс “ер нь морь уях гэдэг нь шашны хувьд нүгэл болдог тул Монголчууд шарын шашны нөлөөнд хүчтэй автсан үеэс эхлэн морь уях ажил багассан байх магадлалтай” гэж таамаглан ярьдаг. Харин бидэнд өвлөн уламжлагдсан хууль цаазын эх бичвэрүүдээс харахад “Баруун хүрээ”-ний Халх журам(А эх. 1709 он)-ын “Гурван хошууны их цааз”-ад морин уралдааныг зохицуулсан нэгэн бүлэг байна. Уг цаазыг гаргахад ноёд, төрийн түшмэдээс гадна шарын шашны өндөр хэргэмт лам санваартанууд зонхилон оролцсон байдаг. Иймээс Түвдийн шарын шашны хувьд морь уях нь нүгэл байж болох ч, монголжсон шарын шашны хувьд морь уяхыг нүгэл гэж үзэх үндэсгүй байна.

Уламжлалт морин уралдаанд хүүхэд морь унаж байсан нь Б. Чимид нарын эмхэтгэсэн “Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл” цувралд гарсан “Гурван хошууны их цааз”-аас тодорхой харагдаж байна. Уг цаазын дөрвөн зүйлд “унасан хүү”, “уралдах хүү”, “хүү” гэх мэтээр нийт таван зүйлд унаач хүүхдийн талаар зохицуулалт оржээ. Үүнийг толилуулвал: “52.4 Зуурчилж уралдсан хүний морийг аваад гадна ес авах. Унасан хүүг арав ташуурдах. Тэр зуурчилж уралдагч хүнийг хүн одож, авч ирвээс морийг авах” гэжээ. Энд гараан дээр очилгүй, замаасаа морио дутуу эргүүлсэн буюу зам товчилон уралдвал хурдан морийг нь аваад, дээр нь нэмж есөн мориор торгох тухай заасан байна. Мөн унасан хүүг арав ташуурдах шийтгэлтэй байжээ. Харин зуурчилж уралдагч хүнийг хүн одож, авч ирвээс морийг авах гэдэг хэсэг нь будлиан үүсгэсэн уяачид тусласан хүнд шийтгэл оноосон зохицуулалт болов уу гэж үзэхээр байна. Нөгөө талаас зуурчилж уралдсан хүнийг барьсан хүн нь тэр хүний морийг шагналд нь авах гэсэн санаа ч байж болох юм.  Морин уралдааныг будлиулдаг уяачид болон унаач хүүхдэд хариуцлага тооцохоор өнөөгийн зохицуулалтанд тодорхой зүйл байхгүй байгаа тул Халх журмын энэ зохицуулалтыг өнөөчлөх шаардлагатай юм.

Мөн “Байд орох морь унаад хүү явган гүйж орвоос тоох” гэсэн байна. Энд байд орох морины хүүхэд нь барианд орохын өмнө унаад өөрөө хойноос явган гүйж орвол морийг барих гэдэг утгаар хуульчилж өгчээ. Өнөөгийн зохицуулалтаар хүүхэд нь унасан морийг тав ухрааж байгаа. Иймд ойрхон зайд унасан хүүхэд нь гүйгээд орвол уг морины байрыг тооцож байхаар зохицуулах боломжтойг үүнээс харж болно. 

Мөн “Ер засуул угтуул хүүд ташуур өгөхгүй. Хэрэв өгвөөс өгөгчөөс хонь авах. Уралдсан  морины биеийн цохихгүй” гэжээ. Энд бидэнд уламжилж ирсэн морин уралдаанд хүүхэд ташуургүй уралдаж байсныг харж болохоор байна. Хурдан морио монголчууд хайрлаж, ямар нэгэн зүйлээр ташуурдах, цохихыг цээрлэдэг байжээ. Иймийн тул ташуур болон цохих зүйлээр хангасан этгээдийг хониор торгодог байсан байна.

Мөн “Уралдах хүүг их, бага гэхийн тус аль эзний дураар мэдтүгэй” гэжээ. Хурдан морины хүүхдийн насыг уяач буюу морины эзэн нь мэдэж өөрөө шийддэг байсан байна. Өнөөгийн нөхцөлд Үндэсний Их Баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлд “Баяр наадмын хурдан морийг 7-оос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна” гэжээ.

Ер нь морь унаж уралддаг хүүхдийг манай хэлэнд ерөнхийд нь Хурдан морины хүүхэд, унаач хүүхэд гэж хоёр янзаар томъёолж байна. Хэл шинжлэлийнхэн морины хүүхэд гэвэл унага болно, унаач хүүхэд гэвэл мориноосоо унадаг хүүхэд болно гэх зэргээр өөр өөрийн үндэслэлийг гаргаж ирдэг. Энэ талаар тодорхой зүйл байхгүй тул хурдан морины хүүхэд гэсэн уламжлалт томъёоллоор явах нь зүйтэй гэдэг санааг дэвшүүлж байна. Харин унаач хүүхэд гэдэг нь сүүлд гарсан ярианы хэллэг юм.

Хурдан морины хүүхэд гэдэг нь зөвхөн монголчуудын уламжлалд байдаггүй. Эдгээр хүүхдийн эрхийн асуудлыг  Индонезид ч хурцаар тавьж, шүүмжилж байна. Персийн буланд Арабын орнуудад тэмээ унаж уралддаг хүүхдийн эрхийн асуудал хөндөгддөг. Арабын орнуудад Афганистан, Бангладеш, Иран, Пакистан, Судан зэрэг орноос ирсэн, хүний наймааны золиос болсон хүүхдүүдийг тэмээ унаж уралдуулдаг байна. Хүүхдийг боолын хөдөлмөр эрхлүүлсэн байна гэж Арабын Нэгдсэн Эмират улс өөрийн оронд байсан хүүхдүүдэд нөхөн төлбөр ч төлсөн тохиолдол гарчээ. Тухайлбал, Арабын Нэгдсэн Эмират улсын шэйх Хамдан бин Зайд Ал Нахиян өөрийн оронд 15 наснаас доош насны хүүхдийг тэмээ унуулж уралдахыг 2002 оны 7 сарын 29-ний өдрөөс эхлэн хориглож, 2009 онд хуучин боол болж, хүчээр хурдан морь унаж байсан 879 хүүхдэд мөнгөн төлбөр өгсөн байна. Гэвч энэ улсад одоог болтол 15-аас доош насны хүүхэд тэмээ унасаар байгаа талаар олон улсын ажиглагчид зарим үед мэдээлдэг ажээ. Мөн Катар улсад 2005 оноос хүүхдээр тэмээ унаж уралдуулахыг хорьсон байна. 2007 оноос эхлэн бүх тэмээний уралдаанд роботоор тэмээ унуулах шийдвэр гарчээ.

Харин монголын хувьд хурдан морины бүх хүүхдийг хүний наймааны золиос болсон, боолын хөдөлмөр эрхэлж байгаа мэтээр ярих нь зохимжгүй.

ХУУЛЬЧ Б. ГҮНБИЛЭГ


Comments

2014-10-11 -

Бичсэн: Gunbileg Boldbaatar

Ter ni yu gesen ug ve. Hazaaraa barina gej?

. Шууд холбоос


2014-10-11 -

Бичсэн: Зочин

tashuurgui uraldana gedeg ih sonirholtoi bn shu bolohgui yum bhgui kk goyo yum bolno do odoo tegdeg bol

. Шууд холбоос


2014-10-10 -

Бичсэн: Зочин

Багшаа “Байд орох морь унаад хүү явган гүйж орвоос тоох” гэсэн нь барианд орохын өмнө морь нь үсэрсэн, унасан бол хүүхэд нь хазаараа бариад орж ирсэнээр нь барьдаг гэдэг юм билэээ.

. Шууд холбоос



Бичлэг: 22 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй




:-)
 
xaax