Хууль эрх зүй
2015-9-4
Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...

Ангилал: 2015

Богинын ам. Хэдэн жилийн өмнө. Найз, нөхөд, эхнэр, хүүхэдтэйгээ салхинд гарав. Өдөржин цана чаргаар гулгаж ядарсан улсууд харихаар болов. Нутгаас ирсэн хэдэн литр айраг байснаараа найз нөхдөө дайлсан байсан юм. Өөрөө ч нэг аягыг уусан байх.

Уулзвар дээр цагдаа зогсоолоо. Тэгсэн мэдээж надаас үнэртлээ дээ.

-Би архи уугаагүй ээ. Айраг уусан юм. Гэхдээ согтолт энэ тэр байхгүй гэлээ. Тэгсэн чинь -тийшээ зогсож бай гэнэ.  Яахав, зогслоо. Мань залуу хөөрхий ажил ихтэй, төрийн албаа гүйцэтгээд л байна. Машин зогсоогоод л, нөгөө хэд нь хэрэлдээд л байх юм. Жаахан удахнээ. Тэгэхээр нь очоод:

 -Үлээдэг юм байвал үлээе, хүүхэд шуухад даарчих нь, чилчихлээ гэсэн харин нөгөө цагдаа маань:

 -Байж бай. Одоохон машин ирнэ гэв. Би бас "аягүй бол надаас 0,2 бүхэл нь гарчихвий дээ. Уг нь ганц аяга айраг уусандаа" гэж дотроо эмээж байснаа нуух юун.

За, тэгж байтал цагдаагийн нэг машин нэмж ирлээ. Хэд хэдэн нөхөртэй хамт би нөгөө үлээдэг юмыг нь үлээлээ. Тэгсэн чинь минийх юм гардаггүй ээ. Цагдаа:

 -Танаас үнэртээд л байна даа. Манай энэ дутуу гараад байдаг юм. Та байж бай. Төв рүү явна гэнэ.

Миний уур хүрдэг юм байгаа биз дээ. "Гараагүй бол гараагүй ш дээ. Явлаа" гэсэн чинь бичиг баримт өгдөггүй дээ. Хүлээхээс яахав. Эхнэр “яах гэж чи айраг уусан юм. Наад залуугийн чинь зөв ш дээ” л гэнэ. Дуугай л байлаа. Ашгүй нөгөө залуу маань ирлээ. Цагдаа өөрөө миний машиныг барихаар болов. “Яаж байгаан” гэсэн чинь:

-Та согтуу байж магадгүй. Би барина гэнэ.

-За л гэлээ. Гэтэл мань хүн миний машиныг бариад явлаа. Ажигласан чинь  хамгаалалтын бүсээ зүүхгүй юмаа. Одоо яая гэхэв. Дуугай л явлаа. Явсаар Замын цагдаагийн төв дээр очлоо. Оочерлож байгаад үлээлээ. Тэгсэн чинь бас байдаггүй. Миний уур хүрнэ биз дээ. Өчнөөн хүлээлгээд, ийш тийшээ авч яваад наад үлээдэг барьдаг юмаа, хангалттай авч болдоггүй юмуу гээд томров. Нөгөө хэд дуугай л байна.

- Та нар өөрсдөө хууль зөрчдөг биз дээ. Тэгсэн хэрнээ худлаа сүржигнээд гээд аваад хаячихсан чинь. Цаанаас нь нэг нөхөр:

-Чи муу, одоо юу гээд байгаан бэ? Бид ажлаа хийж байна. Хуцалгүй зайл гэдэг юм даа.

Би ч бууж өгсөнгүй. “Тэгвэл энэ цагдаагаа торго” гэлээ. Тэгсэн нөгөө миний машиныг барьж ирсэн цагдаа залуу гайхаад над руу харж байна.

-Чи сая бүсээ зүүхгүй машин бариад ирсэн биз дээ. Энэ нөхрийг торгооч гэсэн чинь. Бүгд чимээгүй болчихов. Би ч яахав, өөрийгөө хуульч энэ тэр гэж баахан юм яриад, нөгөө хэдийгээ буулгаж аваад гарлаа. Мэдээж, хөөрхийс дургүй л байсан.

 

ДҮГНЭЛТ. Аливаа хуулийг хэрэгжүүлэхийг тулд нэгдүгээрт, улс төрийн баталгаа, хоёрдугаарт эдийн засгийн баталгаа, гуравдугаарт нийгэм, соёлын баталгаа хангагдсан байх ёстой.

Улс төрийн баталгаа нь тухайн шийдэл нь тогтвортой, хурдан зуур өөрчлөгдөхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл нэг шинэ засаг гарч ирээд, өмнөх засгийнхаа ажлыг баллуурдахгүй байх нь чухал. Баллуурдвал иргэд хуулинд итгэхээ больдог.

Эдийн засгийн баталгаа нь хууль хэрэгжүүлэгчийг хуулиа хэрэгжүүлэх бололцооны төсөвтэй байх ёстой. Тухайлбал, архи уусан эсэхийг эвдэрхий багажаар шалгах ёсгүй. Цагдаа бүрэн бүтэн, баталгаатай багаж ашиглах нь чухал. Миний өгүүлсэн түүх дээр цагдаагийн буруу гэхээсээ илүүтэй түүнийг эдийн засгийн баталгаагаар хангаагүй төрийн бурууг ярих нь зүйтэй. Мөнгөгүй бол мянга хууль гаргаад хэрэгжихгүй гэсэн үг.

Замын хөдөлгөөний дүрмийг иргэд биелүүлэхийн тулд түүнийг бидэнд хэрэгжүүлж байгаа цагдаа нар өөрсдөө дүрмээ хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Тухайлбал энэ зурган дээр байгаа цагдаа аюулгүй байдал хангахгүйгээр хөдөлгөөнд оролцож байна. Энэ цагдаа уг нь хамгаалалтын малгай өмсөх ёстой юм. Бодвол төрөөс түүнд мотоцикл өгчихөөд, кааскыг нь өгөөгүй байх. Эдийн засгийн баталгаагаар нь манай цагдаа нарыг сайн л хангаарай даа, Сайханбилэг гуай. Тэгэхгүй бол энэ дүрэм чинь хол явахгүй шүү. Өөрөө кааск өмсөхгүй байх өрөөлийг өмссөнгүй гээд торгох нь хөөрхий цагдаад хэцүү ш дээ.

Миний санахын манай Булганы төв дээр кааск өмсөөгүй мотоцикл баривал торгоод явуулдаггүй байсан. Одоо ч хэвээрээ байх. Булган гэснээс Facebook үзэж байсан чинь:

Гарцгүй газраар гарч 19,200₮ торгуулсан анхны хүн нь Булганых байж.

Гайхал этгээдийг торгосон гарамгай цагдаа мөн Булганых байжээ. Булган    хангай анхдагчдын нутаг аа...

гэж авч байна. Нутгийн нэр дунд нь цохиж явна. Эгдүүцмээр ч юм шиг.

Замын хөдөлгөөний шинэ дүрмийг дагаад олон нийт янз бүрээр л сэтгэгдлээ илэрхийлж байх шиг байна. Тухайлбал Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 28.1-д "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна" гэдгийг нэг нөхөр ингэж поостолжээ.   

 Замын цагдаа зогсоолоо. Амрыг эрье гэх нь үү гэсэн чинь:

-Бие чинь сайн уу? Та ядарч байна уу гэж асуулаа. Хэ-хэ. гэнээ. Иргэд ядарсан гэдэг үгэнд их ач холбогдол өгч байх шиг байна. Энэ нь ч маш сайн. Ядарсан хүн гүрийж яваад, зүүрмэглэж автын осол их гаргадаг. Тиймээс энэ хэсгийг өөрсдөө маш сайн сурталчилж өгч байна.

Мөн дараа нь Замын хөдөлгөөны шинэ дүрмээс эх аван УИХ-ын гишүүдэд:

Хэт ядарсан үедээ чуулганы хуралдаанд суувал 9.800.000, шалтгаангүйгээр худлаа ярьвал 9.800.000, шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98.000.000 төгрөг гэх мэт....Shudraga l baiyaldaa гэсэн пост гарч байна. Манай улс төрчид тунгаана биз.

Хууль хэрэгжүүлнэ гэдэг бол хууль тогтоогч ч тэр, хууль хэрэгжүүлэгч ч тэр, хууль дагаж байгаа иргэн бүрийн хичээл зүтгэл билээ. Аян зам тань өлзийтэй байг ээ.

 

ХУУЛЬЧ Б. ГҮНБИЛЭГ

 

 


Comments


Бичлэг: 1 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй

idiomatic-dormant