Хууль эрх зүй
2015-02-24
СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД

Ангилал: 2015

Хорийн шар сав гэж нэршсэн улаан тагтай, шар сав барьсаар Өвөрхангайн нэг таньдаг малчин ах ажил дээр ороод ирлээ. Саванд нь айраг байгаа бололтой юм гэж таах зуур л арааны шүлс асгарав.

Ахын нэр Сугар. Шарангуй царай нь улаан хүрэнтэж, дуу нь чангарчихсан явнаа. Мань эр:

-За, дүү хүү аятай юу? Өвөлжөө тавлаг, морь хурдан уу? гээд монгол ёсоор тамхиллаа. Мэнд мэдэлцлээ. Ах шинэ сарын өмнө хотод айраг, ууц зарах гэж орж иржээ. Авчирсан айргаа өглөө. Би ч бушуухан  л айрагтай сав руу аяга барин дайрна биз дээ.

Ахын айраг үнэндээ тасархай даа. Өвөл морь уяхгүй байгаа сар өнгөрөөгөөд цаг агаар арай уярахаар уяж хүлэхээ эхэлнэ гэдгээ хэлвэл:

-Зөв, зөв. Ах нь ч гэсэн хэдэн хүүхдээ зовоогоод яахав гээд сарын дараанаас морины үндсэн ажлаа хийж эхэлнэ. Одоохондоо өөрөө адуунд унаад бага сага ажил хийгээд байна гэв. 

Өвөрхангай нутаг бол миний бараг хоёр дахь нутаг юм. Ажлын болон амралтын шугамаар явсаар Өвөрхангайн олон хүнтэй танил, найз нөхөд болжээ. 
Өвөрхангайд маш түгээмэл нэр бол Цоодол, Жанцан, Сугар гэсэн нэрнүүд юм. Нэг энгэрт л гэхэд Шар Сугар, Майга Сугар, Шулга Сугар, Тоодгор Сугар, уурга Сугар гээд олон Сугарууд өвөлжихтэй ч таарч байсан. Өвөрхангайн олон Сугаруудын нэг нь миний танил ах малчин Сугар юм. Жилдээ ганц, нэг удаа хотод ирнэ. Ирэхээрээ манай ажлаар ирж, жаахан ярьж хөөрнө. Идэш, айраг цагаа борлуулахад нь би хүн амьтанд хэл дуулгаж тусална. Бид хоёр нэг ийм л хэмжээний нөхөд.

Ах өврөөсөө цагаан өнгөтэй, дөрвөлжин чулуу гаргаж ирээд:

-Ах нь зуун литр айргаар ийм чулуу авчих уу? Энийг мэддэг хүнээр үзүүлээд өгөөч. Өмнөговийн хүн айраг авах гээд бэлэн мөнгөний оронд хөөрөг хийх цагаан шүрээр наймаа хийе гээд байна гэж байна. Манай ажлын дээд давхарт хөөрөг мэддэг хүн байдаг тул тэрэнд үзүүлж өгөхөөр болов. Ажил төрөл ярилцах зуур ах надаас:

-Хөөш, нөгөө Чинзориг гуай, Төмөрхүү хоёр чинь сайд болсон юм байна ш дээ, тээ гэж байна.

-Харин тэгсэн байна лээ. Хоёулаа сайд болсон байсан гэхэд: 

- Чи эртээд ирэхэд Чинзориг гуайг Үндсэн хуулийн цэц билүү, тэр газарт өмгөөлж өгөхөөр боллоо гээд байсан биз дээ. Тэрний чинь дагуу сайд болов уу? гэж асууж байна.

-Үгүй ээ, би Цэцэд өргөдөл гаргахад нь өмгөөлөгчөөр ажилласан. Тэгээд Цэц хүлээж аваагүй. Нэгэнт шүүхээр шийдсэн байна гээд ерөөсөө хавьтуулаагүй. Уг нь бол танай Өвөрхангайн шүүх Чинзориг, Төмөрхүү хоёр хууль зөрчсөн байна гэж тогтоогүй юм байна лээ. Зүгээр л 18 нас хүрэхэд хэдэн сар дутуу охин сурталчилгааны подвоолк өмссөн байна гэдгийг тогтоосон байсан.

-Цэц хүлээж аваагүй гэдэг чинь юу гэсэн үг вэ?

-Цэц ном ёсоор нь хуулийн дагуу маргаан үүсгээд, Чинзориг гуайн үгийг сонсох ёстой байсан. Харин Цэцэд хоёр, гурван удаа өргөдөл өгч яваад үнэндээ бараагүй. Монгол Улсын аль ч шүүх болон Цэц Чинзориг гэдэг Монгол Улсын иргэний асуудлыг шударгаар шүүж, ядаж нэр дэвшигчийнх нь хувьд үгийг нь, тайлбарыг нь сонссонгүй. Одоо НҮБ-ын Хүний эрхийн хороонд асуудлыг тавья гэж Чинзориг гуайд зөвлөе гэж бодоод сууж байна. Үнэн, шударга ёс гэж байдаг бол ядаж тэр хүний үгийг Монгол Улсын шүүхийн байгууллага сонсож, шүүх хурлаараа сонсох учиртай. Ер нь бол сонгуулийн маргаан бол нэр дэвшигчийн нэр л яваад байгаа болохоос олон мянган сонгогчдын эрх ашигтай холбоотой Үндсэн хуулиар олгосон эрхийн тухай маргаан юм.  

-Тэгэхээр чинь юу гэсэн үг вэ? Чинзориг, Төмөрхүү хоёр чинь шүүхээр яваад ялаад сайд болчихсон юм байна гэж бодож байсан чинь үгүй юм уу? 

-Тэгээгүй ээ, Засгийн газар, УИХ хоёр чинь тусдаа. Чинзориг гуайг олон жил нийгмийн хамгааллын дэд сайд хийж байсан туршлагыг нь хараад намаас нь сайдаар нэр дэвшүүлж, сайд болгосон байх. Сонгуультай ямар ч хамаагүй. Өөрийнхөө мэргэжлийн чадварын дагуу л томилогдсон байх гэхэд:

-Өө, тийм үү. Тэгвэл бидний саналыг хүчингүй болгосон хэвээрээ л байгаа юм уу? Би чинь Чинзориг, Төмөрхүү хоёрын төлөө саналаа өгсөн хүн. Миний саналыг тэгээд нэг, хоёр охин Сонгуулийн сурталчилгааны подвоолк өмссөн гээд хүчингүй болгочихож байгаа юм уу? Тэр хоёр чинь бүр тав, зургаан мянган хүнээр илүү гарсан биз дээ. Яагаад миний саналыг нэг хүүхэд подвоолк өмссөнөөс болж, тооцохгүй байгаа юм бэ? гээд дуу нь чангараад явчихлаа.

-Харин тиймээ. Хүн бүр эрх зүйн этгээд гээд Үндсэн хуулинд заачихсан байдаг юм. Сурталчилгааны подвоолк өмссөн хүүхэд нэг этгээд, нэр дэвшигч нэг этгээд, нэр дэвшигчийн сонгуулийн ажилтан нэг этгээд, нам бол бүр тусдаа этгээд гээд тайлбарлаад барсангүй. Сонгуулийн Ерөнхий хороо яаж ажиллаад байгааг, Цэц яагаад ийм шийдвэрүүд гаргаад байгааг ойлгохгүй л байна.

-Харин тийм л баймаар юм. Бүхэл бүтэн аймгийн иргэдийг ингээд шууд хаячихдаг. Манай аймгийнхны хэд нь тэр хоёрын төлөө саналаа өглөө?  

-Лав л Чинзориг гуайнх 23 мянган санал авсан байсан. Төмөрхүү нь арай бага байх сайх санахгүй байна. Гэхдээ одоо Их хуралд сууж байгаа хоёроосоо хамаагүй их байсан.

-Тийм үү. Над шиг 23 мянган хүн байна гэсэн үг үү?

-Харин тиймээ? Тань шиг 23 мянган хүний санал байхгүй болсон.

-Үгүй, тэгээд манай энэ аймгийнхан чинь юу хийдэг улс вэ?

-Зөндөөн л жагсаад байсан ш дээ. Үгийг нь сонсоогүй. Хамгийн сонин нь танай аймгийн сонгуулийн тойргийн хороо ч, шүүх ч Чинзориг, Төмөрхүү гэдэг хоёр хүн хүүхдэд подвоолк өмсүүлсэн гэж тогтоогоогүй. Угаасаа бүхэл бүтэн аймгаар явж сурталчилгаа хийж байгаа хүмүүс аль суманд хэн гэдэг хүүхэд ямар юм өмсөж байгааг яаж мэдэхэв дээ. Уг нь тухайн суманд ажиллаж байсан нэр дэвшигчийн намынх нь ажилтнуудад насанд хүрээгүй хүүхдэд сонгуулийн сурталчилгааны зүйл өмсүүлсэн гээд захиргааны хариуцлага хүлээлгээд болох ёстой байсан юмыг Сонгуулийн Ерөнхий хороо шууд нэр дэвшигчидтэй хариуцлага тооцчихсон юм. Хамгийн инээдтэй нь тойргийн хороо гэж байгууллага танай аймаг дээр байсан. Тэр сонгуулийн тойргийн хороо нь өөрөө шүүхэд гомдол гаргаад, энэ хүмүүс холбогдолгүй, хамгийн олон санал авсан нэр дэвшигчид УИХ-ын гишүүн байх ёстой гээд явсан. Гэтэл маргаантай байгаа тойрог дээр ажиллаж байгаа Тойргийн хороог СЕХ татан буулгаад бүх эрхийг өөр дээрээ авчихсан. Энэ их ноцтой, хардмаар юм болсон. 

-За, за. Би наад хуулийг чинь ойлгохгүй юм байна. Арддаа зориулсан хууль юм уу? Хэндээ зориулсан хууль юм дээ.

-Үгүй ээ, уг нь хуулиндаа биш хуулиа хэрэгжүүлж байгаа хүмүүст л учир байна.

-Тануус ер нь малчин ардад ойлгомжгүй юм дандаа ярьдаг. Аль нь ч зөв юм яриад байгаа юм. Хууль хэрэгжүүлэгч ч гэнэ үү. Би тэр хууль, хууль хэрэгжүүлэгч хоёрыг чинь адилхан хууль л гэж ойлгож байна. Ямартаа ч манайхан Чинзориг дарга, Төмөрхүү хоёрыг дэмжсэн минь үнэн, дэмжих нь үнэн. Бид энэ ардчилсан улсын иргэдийн нэг хэсэг нь мөн юм байгаа биз дээ. Манай Өвөрхангайнханыг Монгол хүний тооноос хасаад байгаа юм шиг л санагдах юм. Шороотой бөх наадамд түрүүлвэл бөх үзэж байгаа хүмүүст ямар санагдах вэ? гэж ирээд л агсамнах, гоморхох хоёрын хооронд ууртай үгс чулуудаад авав.

...Үндсэн хуулийн Цэцэд энэ хэргийг авч очсон өмгөөлөгч миний хувьд ер нь энэ “их сонин” хэрэг болсон. Яагаад Монгол Улсын Өвөрхангай аймгийн иргэд сонгох, сонгогдох эрхээ хасуулав? Ийм байдал манай улсад дахин гарвал яах вэ? Хэн нэгэн хүн насанд хүрээгүй хүүхдэд сонгуулийн сурталчилгаатай холбоотой цамц, малгай өмсүүлвэл дахиад тэр аймгийн иргэдийн санал бүгд хүчингүй болох уу? Хэн өмсүүлсэн, ямар санаатай байсан гэдгийг нь цагдаагийн байгууллага шалгаад хэрэг үүсгэх үндэслэлгүй санаатай зүйл байхгүй байна гээд тогтоочихсон байдаг. Цаашид СЕХ тухайн аймгийн сонгуулийн байгууллага дүнгээ гаргачихаад байхад тэрнийг нь эсрэгээр нь шийдээд, түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол шууд татан буулгасаар байх уу? Үндсэн хуулийн цэц Захиргааны хэргийн шүүхийн харъяаллаас Сонгуулийн Ерөнхий хороотой холбогдох маргааныг тогтоосон хуулийн хэсгийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэн хүчингүй болгон өөрийн харъяалалд шилжүүлчихээд, дараа нь өөрт нь СЕХ-той холбогдох асуудлаар маргаан үүсгэхээр хандахад манайх авч шийдэхгүй ээ гэж байгааг юу гэж ойлгох вэ? Хэн шийдэх вэ? Захиргааны хэргийн шүүхийн харъяаллаас чухамдаа сонгуулийн төв байгууллагад холбогдох маргаан бол субъектив эрхийн маргаан биш байна, тийм учраас Үндсэн хуулийн цэцийн харъяалалд байна гэж Цэц шийдсэн хэрнээ дараа нь өөрт нь хандахаар субъектив эрхийн маргааныг манайх хэлэлцэхгүй гэж байгаа нь ерөөсөө жирийн малчин иргэн байтугай, Үндсэн хуулийн процессын эрх зүйн хичээл зааж байсан хуульч хүний хувьд ч ер ойлгомжгүй байгаа юм. Одоо нээрээн юу гэхэв дээ.

Хайртай морио хазаартай нь усал гэдэг. Хүн хэлэхээс нааш гэдэг. Энэ хэрэг ингээд ардчилсан гэгдэх Монгол Улсад тун “ардчилсан” байдлаар шийдэгдээд явах газаргүй болдог юм байж, ирэх сонгуульд дахиад давтагдвал хэн хариуцах вэ? Ямар хөх тэнгэрээс асуултай биш. Уг нь манайд Үндсэн хууль гэж байгаа, Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх гэж байгаа. Харин энэ удаад Өвөрхангайнханд тэр эрхийг нь үнэхээр эдлүүлсэнгүй. Уг нь Монгол Улсын төв цэг Өвөрхангайд байдаг шүү дээ.


ХУУЛЬЧ Б. ГҮНБИЛЭГ  


Comments

2015-02-24 -

Бичсэн: Sonsogch

Chimed bagsh mongol tulgatnii 100 erhemd oroltsoj bhdaa neg goy ug helsen n "hvn yern engiin zuiliig oilgoh heregtee" gj. Ene bvh engiin zvilsees huuli shvvkh daanch hol sanagddag n vnen. Dotoodiin shvvhiin bvh shataar zargaldaad etsest neg erhee hamgaaluulna gj bodoh n irgen hvnd bol sansart nisehtee duih berh uil boln. Zarim uyd engiin zviliig iim yrvigtai bolgoj bga togtoltsoog yaltai n blee gj bodoh avch hiij chadah zvil baga uchraas humhiin toos l bolj uldehvii

. Шууд холбоос



Бичлэг: 5 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй




:-)
 
xaax