Хууль эрх зүй
2014-11-20
Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай

Ангилал: 2014

2012 оны 9 сард нэг ийм нийтлэл бичиж, Үндэсний шуудан сонинд хэвлэгдэж байжээ.

Шударга ёсны тухай ойлголтын талаар оюутнууддаа ярьж, шударга ёс хэмээх ойлголт нь хэзээ ч утопи байж болохгүй хэмээн хуульчдад хичээл заан бусдад үлгэр дууриал болж явах тухай өгүүлсээр хэдэн жилийг бид ардаа үджээ. Justice хэмээх үгийг зүй ёс хэмээн орчуулах нь зүйтэй юм гэдэг санааг ч олонтаа бичиж, шударга ёс гэдэг үгийн гаргалгааг олон талаас нь харахыг оролдож, Монголын нийгэмд шударгуу байх, төийн бодлого хуульд нийцэж байх тухай сургаалийг мэргэн цэцэн, бүхнийг мэддэг хүн лугаа тунхаглаж, төрийн үйл хэргийн ариун сайхныг иргэдэд түгээж, аль болох зөв талаас нь олж харахыг хичээн, удирдлагуудаа хүртэл шүүмжилж, монгол төрийн үйл хэргийг нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлаж явах тухай уран цэцэн үгийн цуглуулгыг харамгүй цацаж явжээ. Ерөнхийлөгч маань хүртэл сэтгэлд нийцсэн, өнгө аяс нь таарсан, догь илтгэлүүд тавьж, ардчилал, шударга ёс, эрх зүйт төрийн тухай монгол түмэндээ уран ялдам, иргэдэд их хүлээлт үүсгэсэн агуу үгсийг байнга гарамгай баатарлагаар өндөр дээрээс утгын чимэгтэйгээр зааж, олны өмнө донж тааруулан биднийгээ алмайруулж байсан нь ердөө хэдхэн хоногийн өмнө. Гэтэл засаг шинээр байгуулагдлаа. Төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг хамгийн их ярьдаг нөгөөх шударга ёсыг тунхаглагчид маань Засгийн газрын хуралдаан, УИХ-ын чуулган хоёроо ялгахаа байж, нүд нь тагларч, дэд сайдууд шиг хэрэггүй хүмүүс байхгүй гэж ярьснаа умартан дэд сайдуудаа томилж байна. Төрийн албаны зөвлөлийн дарга нь хүртэл Төрийн нарийн бичгийн дарга нарын үүрэг гүйцэтгэгч хэмээх шинэ улс төрийн бялуу хуваалтын талаар ойлгохоо байж, нөгөө төрийн алба тогтвортой байна гэсэн яалаа, хууль маань хааччихваа хэмээн халаглаж сууна. Бид ийм юм хүссэн юм гэж үү. Ерөнхийлөгч өө, юу болоод байна. Бүлэглэлийн эрх ашиг муухай гэсэн чинь яалаа даа. Төрийн эрх мэдлийг хэрхэн хуваарилахаас л иргэдэд очиж буй төрийн бүтээгдэхүүний эцсийн чанар танигдана. Цөөн хүн амтай газар төвлөрөл шиг хэрэггүй зүйл байдаггүйг дэлхийн түүх хэлж өгдөг. Юу гэмээр юм бэ дээ, ичмээр юм болж байна. Ардчилал гэдэг үгийг та бүхэн зүгээр л амны алчуур болгон хэрэглэж байна. Тэр дундаа хамгийн их амаа арчиж байгаа нь эрх мэдлийг тань бодсон ч тэр, энэ улсын тэргүүн гэдэг утгаараа ч тэр ТА болж таарч байна. Нөгөө эв найрамдлын бэлгэ тэмдэг, эх орны ээж, аав байх тань яалаа даа, халаг.

Одоогоос хоёр жилийн өмнө санагдаж байна. Ерөнхий прокурорын томилгоо явсан. Та хуульч биш хүнийг хууль зөрчин, төрийн өндөр албан тушаалд тавьсан. Хуульчийн сонгон шалгаруулах тухай хууль гээч юмыг бид, тухайн үеийн Хууль зүйн үндэсний төвд ажиллаж байсан хүмүүс хэрэгжүүлэх гэж ангийнхаа хүүхдээс шалгалт аваад нүүрэн дээр нь нэг оноо нэмж өгөлгүй унагаж, гадаа гараад найздаа дэлсүүлж явсныг, насаараа мөрдөн байцаагчийн ажил хийсэн цагдаа ах бие муутай эхнэрээ сахиад, эхнэрээ алдаж олон өнчин хүүхэдтэй үлдээд эргээд ажилдаа орох гээд шалгалт өгөхөд нь “та хоёр оноо дутуу авлаа” гээд уйлуулаад гаргаж байсныг, том дарга нар танил талаа үр хүүхэд, дүү нараа тэнцүүлье гээд зандарч байхад нь “чихгүй толгой” царайлж байсныг ТА ерөөсөө мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байна. Би уг нь таны зөвлөхүүдэд дээд сургуулийн дипломтойг нь эрх зүйч, хуульчийн сонгон шалгаруулахад тэнцсэнийг нь хуульч гэдэг юм гэж бичиж байсан. Таны зөвлөхүүд “Бид мэдэж байгаа" л гэсэн. Мэдэж байсан ч тоогоогүй. Яагаад. Хэлж өгөөч. Одоо болтол найздаа шанаадуулсан хацар бадайрч, олон өнчин хүүхэдтэй үлдсэн ахын нулимс нүдэнд үзэгдэж, энэ ч чихгүй толгойдоо гэсэн ах нарын дээрэнгүй харц харагдаж байдаг юм шүү, бидэнд. Авлигатай тэмцэх аяныг Та л эхлүүлж байгаа юм шиг ярьсан. Бид итгэсэн. Ард өнгөрсөн сонгуулийн үеэр таны болоод таны найз нарын нүүр харагдсан. Авлигатай тэмцэх газар Ардчилсан намтай өрсөлдөгч хамгийн том хүчнийхээ сонгуульд өрсөлдөх боломжтой, дайснуудаа “түүсэн”, түүгээгүй хэсгийг нь айлгасан. Миний хамгийн сайн мэдэхээс Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатыг зүгээр л сонгуульд өрсөлдүүлэх боломжгүй болгож, дөрвөн cap суулгаад гэм буруугүй хэмээн цагаатгасан. Та болон таны найз нар дунд авлигатай тэмцэх газар шалгагдах хүн байхгүй гэж үү. Хилс хэргээр хүнийг суулгаад, хэргийг боочихсон. Хүмүүсийг зүгээр л ингээд золиослочих юм уу. Хэн хариуцлага хүлээх вэ. Яагаад. Хэлж өгөөч. Цагдаагийн хурандаа нарыг олны өмнө буруутгах ажлыг та зохион байгуулсан. Та зүгээр л “цагдаагийн хурандаа” гэдэг үгээр “цагдаагийн хурандаа нар бол авлигачид" гэсэн ойлголтыг түмэн олондоо хэлчихсэн. Та шүүх юм байна л даа. Шүүх хурлаас өмнө Төрийн ордны өндөрлөг дээрээс цагдаагийн хурандаа нарыг гэм буруутай гээд нотолчихсон. Та шүүх юм уу. Та чинь нотлох баримттай юмаар, нэр устай нь хэлэх ёстой биз дээ. Эсхүл төрийн эв нэгдлийг хамгаалагчид хамаагүй юу. Одоо иргэд цагдаагийн хурандаа нар бол муу хүмүүс гэж бодоод л сууж байгаа. Яагаад. Хэлж өгөөч. Долдугаар сарын 1-ний хэрэг. Эрүүгийн хуулийн 179 дүгээр зүйлд заасан “Нийтийн эмх замбараагүй байдал бий болгох” гэсэн гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдлийг хэн үйлдэж, хэн санаачилж, хэн хариуцлага хүлээсэн бэ. Өдөөн турхирах үйлдлийг хийсэн субъектууд хэн бэ. Зөвхөн цагдаагийн генерал, хурандаа нар л энэ хэрэгт буруутай юү. Тэд л ял үүрэх үү. Бусад нь буруугүй юу. Тэр өдөр юу болсныг монголчууд бид бүгдээрээ л харсан. Яагаад. Хэлж өгөөч. Долдугаар сарын 1-нийг тойрсон маргаанаас хэн хожив. Олон түмэнд таалагдах онцгой шидтэй сэдвийг хоёр талаас нь мэрсэн нөхөд л аймаар шударга болж харагдаж байна. Гэтэл эрх зүйн маргааныг шийдсэн шийдэл нь хаана байна. Гэмт хэрэгтнүүд нь гудамжинд, төрд сэлгүүцсээр байна. Дуу нь их өндөр л байх юм. 2012 оны УИХ-ын сонгууль. Бидний хэсэг хуульчид нэгдүгээр тойрог дээр гарсан маргаанд хуулийн зөвлөгөө өгч таарав. Хараад байхад нөгөө сайн гээд байсан машинаас 4500 санал байхгүй болчих юм. Хэсгийн хороодын дүн баланслахгүй. Тойргийн хорооныхон нь ч ойлгохгүй. Шүүхэд хандахаар маргаан үүсгэхгүй гэх юм. СЕХ-нд үүнийг тайлбарлаж өгөөч гээд бичиг өгөхөд өөр л хариу өгөөд байх юм. Уулзъя гээд бичиг өгчихсөн, ойлгохгүй байгаа юмаа ойлгох гээд л найдаж сууна даа. Найдлага тасарсан, мухардсан хүн хэнд хандахаа мэдэхээ байхаараа гудамжинд жагсдаг, суулт хийдгийг харлаа, ойлгож авлаа. Энэ сонгуулийн тохиолдлууд, шүүхийн шийдвэрүүд ирээдүйн олон зуун хуульчдын хичээлийн сэдэв байх болно. Та гадуур зугаалсаар. Гэтэл Үндсэн хуульд гар хүрэх нь л гэнэ. Орон нутагт намын жагсаалтаар хүн сонгох нь гэнэ. Одоо яанаа. Энэ бүхнийг чинь эхнээс нь авахуулаад дуустал 20 жил ярьж байна, бичиж байна. Та Б. Чимид гэж хүнийг таних уу. Тэр хүний “Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгт” гээд мэргэжпийн бус хүмүүст ч ойлгогдохоор энгийн хэллэгтэй гоё ном байгаа. Энэ өөрчлөх гээд улайраад байгаа хүмүүстээ худалдаж аваад үнэгүй бэлэглээч. Эсхүл тэд уншихгүй юу. Та чинь бэлэн цэцэн үгтэй, Пи Ардах буюу монголчилбол донж тааруулахдаа гарамгай шүү дээ. Одоо хуурай тунхаг, хувирамтгай дүр гаргах орон зай алга болчихлоо. Таны олон нийтийн харилцааны төлөвлөгөөний target (бай) чинь өнгөрсөн сонгуулиар өөрчлөгдчихлөө. Англи үг хэрэглэчихлээ танд арай ойр хүрнэ биз ээ. Тусгаж авна уу. Монголын эцэг минь. Эцэг минь энэ олон яагаадын цаана иргэн бидэнд таны бий болгосон асар том хүлээлт байна. Ярьсан болгон чинь хүлээлтийг улам томруулж байна. Шударга ёс, ардчилал гэдэг үгийг үнэгүйдүүлэгчдээр Монголын төр яах билээ. Цаашид таны донж тааруулахаар хийсэн үйлдэл, үг бүрийг задлан шинжлэх ухаан, их хүлээлт монгол түмний сэтгэл зүрхэнд хадгалаастай. Ерөнхийлөгч ах аа дахин битгий шударга ёс, ардчиллын тухай яриарай. Энэ үгийг жинхэнэ утгаар нь ойлгосон хүн л хэрэглэх учиртай юм. Ямба эдэлсэн нь хэлснээ мартдаг, ярих л ёстой гэж зүгээр боддог хүмүүс энэ үгсийг бүү хэрэглэ. Энэ бичсэнийг төр барьж буй бүх хүнд илгээв. Хэлэхээсээ айдаг улсад, хэлснээ ойлгодоггүй улстөрчдөд ч дайв.

 

ХУУЛЬЧ Б. ГҮНБИЛЭГ

 


Comments

2014-12-22 -

Бичсэн: Зочин

ерөнхийлөгч маань бас эвдрээд байгаа гэхэд хаашаа ч юм бэ дээ би гэдэг нь хэтрээд байгаа жишээлэхэд би дан дээлтэй хүнийг сайд болгон гээд баахан ярьсан сүүлдээ дуугарахаа больсон ойлгосон байлгүйдээ гэж л бодох юмдаа

. Шууд холбоос



Бичлэг: 13 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй




:-)
 
xaax