Хууль эрх зүй
2014-11-11
ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Ангилал: 2014

 Гол үерлэчихэж, нутгийн ардууд төв рүү ирж сонгууль өгөх, эсхүл сонгуулийн штабынхан очиж санал авах гэхээр аль нь ч болдоггүй. Олон ч хүн голын гарман дээр ирчихэж. Голын наад, цаад талаас:

-Чи хэний төлөө саналаа өгөх вэ? гэж сонгуулийн штабын ажилтан асууна. 
-Айн. Юу гэнээ? гэж хүмүүс хашгиралдана. Хүмүүсийн орилоон, голын чимээтэй нийлээд үг үл сонсогдоно.

Нэг нэгээрээ ярь гэдэг үүргийг штабын ажилтан өгөөд:

-Чи хэний төлөө саналаа өгөх вэ?

-Аан. Эндээсээ ингээд хэлчих юм уу? 

-Тэг. Тэг. Одоо өөр арга алга. Ус гарч чадахгүйгээс хойш.

-За, тэгвэл нөгөө хэн гуайн хүү нөгөө доокторт өгье. 

-Аан, за. Даргад гэж байна. Даргын нэрийг дугуйл гэж хэлж бичүүлэх. 
Олон ч хүн хэн гуайн хүү доокторт гэсэн боловч, сум, нэгдлийн даргын нэр дээр санал нь дугуйлагдсанаар тэр жил хэн нэгэн сум нэгдлийн дарга хэдхэн хүний саналын илүүгээр доокторыг ардаа орхиж АИХ-ын депутат болов. Жаалхүү харсан, мэдсэн, сонссон байлаа ч яалтай. Ямар хуульч болсон байсан биш. Маргахаа ч мэдээгүй.

Ийм зүйл анхны ардчилсан сонгуулийн жил болсон юм. АИХ-ын сонгуулиар би бээр анх сонгууль гэж юмыг мэдэрсэн юм. Томчуудтай хамт сурталчилгааны сонин тараах ажлын хүрээнд олон ч хоног хөдөөгүүр явсан санагдана. Дэмий гэртээ сууж байхаар хөдөөгөөр яваг гэж гэрийнхэн маань санасан байх. Дөнгөж арван настай жаалхүү томчуудын ярианаас ардчилал, их хурал, депутат, тойрог гэдэг үгсийг сонсож, сонсохоор барахгүй мэдэрч явлаа. Бас өрсөлдөөн ямар байдаг, өрсөлдөгч нар яаж талцдаг талаар ч ойлголттой болсон. Тэр үед шууд биеэрээ сурталчилгааны ажилд оролцоогүй ч, ерөнхийдөө тараах сонинг тоолж боох, жолооч ахтайгаа хамт уулзалтанд хэрэгтэй юмс бэлтгэх гээд харайж явсан. Түүнээс хойш өнөөг хүртэлх Монгол Улсад болсон олон сонгуульд идэвхтэй оролцлоо. Сонгуулийн технологиор ч бага сага юм үзэж судлав. Сүүлд өмгөөлөгчийн ажил эрхэлснээс хойш энэ төрлийн маргаанд ч ордог болов. Үүний үр дүнд хэзээ ч сэтгэлийн хөөрлөөр талцаж, явган улс төр хийхгүй байх талаар ойлголттой болсон гэж хэлж болно.

Сэтгүүлч Б.Ганчимэгийн нийтлэлд гардаг шиг “Шар Нараа”-нууд зөндөөн л байдаг. Тэр бүрт автахгүй байх нь чухал. Өмгөөлөл хийгээд явж байхад төвийг сахисан байр суурьнаас үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах үүргээ умартаагүй. Нэг ёсондоо хэнбугай нь ч байсан дагаж далдагнадаггүй гэсэн үг. 
Үзсэн мэдсэн маань сонгуулийн эрх зүй рүү илүү дөхөх тул энэ талаар өмгөөлөл хийлгэхээр хэд хэдэн хүн хандаж, гэрээ байгуулж ажиллаа. Маргаан үүсгээд хуулийн байгууллагуудаар гүйж, элдэв янзын үндэслэл ярьж, хууль тайлбарлаж гүйж байхад үйлчлүүлэгч нар маань ихээхэн анхаарч байснаа объектив эрхийг хамгаалах боломж нээгдэж, дөхөөд ирэхээр, сүүлд нь таг болох болов. Сонсох нь ээ, гомдол нэхэмжлэлээ өмгөөлөгчдөө хэлэлгүйгээр буцааж татсан байх юм. Хуулийн байгууллагынхан дараа нь цаадуул чинь тохирчихсон юм биш үү гэж тавлах болов. Сураг сонсох нь ээ, эхлээд нэг үнэ ярьдаг, тэрнийг нь нөгөө тал нь зөвшөөрдөггүй. Тэгвэл харж байгаарай гээд өмгөөлөгч хөлсөлдөг. Өмгөөлөгч нь шүүх, цагдаагаар явж ажлаа хийхээр нөгөө тал нь айж эхэлдэг юм байна. Нөгөө тал нь нэхэмжлэл, гомдол гээд байдал бишдэхээр үнийг нь төлдөг гэх яриа ч дуулдав. Надтай ийм тохиолдол хоёр ч удаа таарлаа. Үйлчлүүлэгч маань утсаа ч авахгүй зугтаад алга болж байгаа юм. Ийм хачин юм байх уу? Эрхийг хамгаалъя гэж байгаа хүнээсээ зугтах ямар хэрэг байнаа. Манайд бол байна. Цаашид улс төрчдийн нохойд барьдаг мод, үнээ өсгөдөг хэрэглүүр нь өмгөөлөгч болох нь. Бид ямар хувьцааны бизнес эрхэлж байгаа биш дээ. 

Бид Үндсэн хуулиар хамгаалагдсан сонгох, сонгогдох эрхийг хамгаалж байгаа юм. Сонгуулийн маргааныг хэзээ ч субъектив эрхийн маргаан гэж үздэггүй. Энэ бол объектив эрхийг хамгаалсан, тухайн тойрог, ард түмний эрх ашгийг хамгаалж байгаа маргаан юм. Тиймээс сонгуулийн маргаанд орж байгаа өмгөөлөгч нь хэн нэгэн нэр дэвшигчийн эрхийг хамгаалах гэхээсээ илүүтэй, түүний төлөө шударгаар саналаа өгсөн сонгогчдын нийтлэг эрхийг хамгаалж байгаа хуульч билээ. Орчин цагт манай өмгөөлөгч нар зурагт, хэвлэлээр маш их мэдээлэл хийж байна. Үүнийг шүүмжлэх ч нэг хэсэг нь байна. Ойлгох нь ч байна.

Гол зарчим нь явдаг газраа дуусгаад, аргаа ядаад үйлчлүүлэгчийнхээ эрх зөрчигдөж байгааг мэдээлж байгаа бол нэг өөр. Хүний эрхийг хамгаалж байна гэсэн үг. Харин шүүх хурал болохоос өмнө шүүхийн хараат бус байдалд халдах, нийгмийн уур амьсгалыг өөртөө татаж, улс төр, бизнесийн ашиг хонжоо олохоор хэвлэлийн бага хурал зарлаж байгаа бол бүр өөр юм болоод явчихаж байгаа юм. Ийм өмгөөлөгч нар бол харин шууд л хувьцааны бизнес эрхэлж байгаатай агаар нэг. Ийм хүмүүс байхыг үгүйсгэхгүй.

Сонгуулийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт, оруулахаар УИХ ажиллаж байх шиг байна. Иймд уг хуулинд сонгуулийг бизнесийн хэрэглүүр болгохгүй байх талаас зохицуулалт хийж өгөх нь зүйтэй  гэдгийг бодох цаг нэгэнт болжээ. Өнөөгийн сонгуулийн ч гэлтгүй, ер нь бол бүх төрлийн маргаанд идэвхтэй “хувьцааны бизнес” эрхлэгч нар бий болж, үүнийг нь дагаад үйлчлүүлэгч нар ч гэсэн бусад хуульчдыг нь зурагтаар гаргаж, сенсаац дэгдээлгэх сонирхолтой болж. Зурагтаар гарч болноо, гэхдээ хувьцааны үнэ өсгөх гэж л лав биш. 

 

ХУУЛЬЧ Б. ГҮНБИЛЭГ


Comments


Бичлэг: 15 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй




:-)
 
xaax