Хууль эрх зүй
2015-1-14
ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ

Ангилал: 2015


1998 онд шиг санаж байна. Лав л арван жилийн сургуулиа төгсөөгүй байсан юм. Аав бид хоёр Лаки төв нэртэй газар орж, наймаа хийлээ. Цагаан сар дөхөж байсан шиг санагдана. Худалдагч:

-Сайн байна уу, та. Сайхан өвөлжиж байна уу? За, та ямар архи авах вэ? л гэж байна. Манай аавыг мэддэг хүн бололтой юм. Тухайн үеийн Лаки төв гэдэг нь архины бөөний төв байсан санагдана. Нөгөө гишүүн асан Гүндалай гуайн хийдэг архинууд байсан байх. Аттила ч билүү нэг тиймэрхүү нэртэй архинууд байсан. Аав:

-Сайн, сайн уу, хө. Харин ямрыг нь авбал дээр юм дээ. Хүний гар дээр тавих л юм хэрэгтэй байна гэж байна. Би тэдний яриан дундуур орж, аавдаа зөвлөгөө өгөв. Уг нь аавдаа л туслах гэж байсан юм.

-Аав, наад талынх нь их шартуулдаг юм билээ. Нөгөөх нь дээр ... байх ... гэж авах нь тэр. Юу вэ? Нүдний булай. Уг нь томчуудын яриаг хальт сонссоноо хэлэх гэж байсан юм. Ёстой Гүндалай гуайн архины дэлгүүрт Гүнбулай болов. Аравдугаар ангийн хүүхэд, тэгээд бас аавдаа авгай авахыг зааж орхив.

Юу гэнэв? гэсэн шиг аав маань хүү рүүгээ нэг их цочмог өнгийн хараад, дуугүй болчихов. Би ч асуудал ярвигтай болсон тул нөгөө хоёрыг зөнд нь орхиж, архины талаар “зөвлөгөө” өгөх энэ тэрээ болиод, амандаа худлаа исгэрэх маягтай, тэр хавиар чихэр, шоколад “мэддэг хүн” шиг л холдов. Ер нь дэмий газар дэмий юм ярих нь дэмий ш дээ гэж. Хэ-хэ.

Цагаан сар дөхөх бүрт нэг зүйл санаа зовоодог юм. Монголчууд бид энэ баярын турш архины үйлдвэрүүдийг дотоод, гадаад гэлтгүй маш сайн дэмждэг. Цагаан сараар бид хөгшчүүлийнхээ бэлгийг бэлтгэдэг. Жил бүрийн цагаан сараар дундаж нэг айл нэг хайрцгаас дээш архи авдаг. Миний хувьд тоотой хэдэн ах, дүү нараар ордог. Таван айлаар ороход дор хаяж хоёр шил архи бэлгэнд авсан байдаг байх. За, тэгээд сар хуучрах үеэр ангийн найз нөхөдтэйгээ уулзана. Адуу, мал руугаа явна гэх мэт.

Нөгөөх архийг чинь мэдээж, дэлгүүрээс зорьж худалдаж авахгүй, бэлэн байгаа юмыг чинь их уухгүймаа гэхэд буузны даруулга нэртэйгээр татаад л яваад байх шиг байгаа юм. Энэ дүр зураг манай эрчүүдийн дунд нэн түгээмэл. Бэлэн юмаа задласны дараа халсан нөхдүүд, “нахиж” дэлгүүрээс архи худалдан авч уудаг. За, ингээд нөгөө архи чинь гэмт хэргийн өдөөгч болж байгаа юм.

Манай хуулинд архи бэлгэнд өгч болохгүй гэж шууд заасан зүйл байдаггүй. Харин “Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлс орлуулахыг хориглоно” гэсэн ерөнхий заалт л бий. Одоо удахгүй шинэ жил болно. Шинэ жилийн үеэр байгууллагууд шампаанск, архиар цэнгээнт хөтөлбөрүүдийнхээ шагналыг өгдөг.

Шинэ жил гэснээс хэд хоног европт байж байгаад ирлээ. Тэнд шинэ жилтэй холбогдуулан элдэв янзын хямдрал зарлаж, гацуур мод энд тэнд зассан байна. Харин гэртээ яваад иртэл шинэ жилийн уур амьсгал шал өөрөөр өрнөж байна. Ажлын хамт олон, найз нөхөдтэйгээ таарахад “Өнөө орой шинэ жилтэй. Энэ миний орж байгаа тэд дэх шинэ жил. Одоо дахиад тэдэн шинэ жил байна” гэх мэтчилэн дөнгөж 12 сарын 10-д гарч байхад хавтгайрсан шинэ жил тэмдэглэх, архи ихээр уух том аяны тухай яриа өрнөлөө.

Барууны орнуудад би дөрөв таван удаа шинэ жил тэмдэглэсэн юм байна. Тэгэхэд ажиллаж байсан байгууллагууд маань маш даруухан шинэ жил тэмдэглэж байсан санагдана. Хавчуургатай талх жижиглэн зүсээд, шүдний чигчлүүр шиг юмаар хатгачихсан, хажууд нь хундагатай оргилуун дарс тавьсан байдаг. Тэгээд тухайлан баар сав ресторанд ордоггүй. Байгууллагынхаа коридор, эсхүл хурал, уулзалтынхаа танхимд цуглаж, бие биендээ баяр хүргээд, чаддаг чаддаг хөгжмийн зэмсэгээрээ хөгжим тоглоод өнгөрдөг. Тэр баярын хувьд мэдээж, азтан тодруулах, хөгжөөнт тоглоом тоглох явдлууд байдаг. Харин оны шилдэг ажилтан, эсхүл оны “шилдэг согтогчоо” бол ерөөсөө тодруулж байгаагүй. Би хараагүй. Тэдний хувьд шинэ жил бол гэр бүлийн баяр байдаг.

Харин манайд бүх юм эсрэгээрээ нэвт шувт согтолтын оргил үе хүртэл мацацгаагаад “оны шилдэг архиар шахалт”, “оны шилдэг агсам тавилт”, “оны шилдэг бөөлжилт” хүртэлх бүхий л шатыг дамжин баяр тэмдэглэдэг. Энэ дашрамд хэлэхэд “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг” хуулиар хориглосон бөгөөд хэрэв энэ зөрчил гарвал цагдаагийн ажилтан 20000 төгрөгөөр торгох үүрэгтэй байдаг. Иймээс хэн нэгнийг архиар шахах нь хууль зөрчиж байна, бас өөрөө хэтрүүлэн хэрэглэсэн бол хууль зөрчиж байна, мөн 21 нас хүрээгүй хүнийг “том болсон” гэж үзэж болохгүй шүү, нөхдөө.

Хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн болон төрийн бус бүхий л байгууллага архидан согтуурахтай тэмцэх үйл ажиллагаанд идэвхийлэн оролцох үүрэгтэй байдаг. Тиймээс удахгүй цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан архи болон согтууруулах ундааг бэлгэнд өгөхийг хуулиар хориглож өгмөөр байна. Мөн хууль гаргаж амжихгүй юмаа гэхэд Ерөнхийлөгч зан заншлын хэм хэмжээг зохицуулсан зарлиг гаргадаг нэгэнт тогтсон ажлынхаа хүрээнд цагаан сараар архи бэлгэнд өгөхгүй байх тухай зарлиг гаргах нь зүйтэй юм. Зарлиг гаргах нь ч бараг хамгийн зүйтэй хэлбэр нь байж магад.

Шинэ жил, цагаан сар нь архи, согтууруулах ундааны маркетингийн хэрэглүүр биш. Энэ үеэр борлуулалтын ашиг нь оргил үедээ хүрдэг байж болохгүй. Улмаар гэмт хэргийн оргил үе нь ч энэ цаг үетэй давхцаж болохгүй. Эдийн засгийн хувьд бүхий л салбарыг дэмжих чиг баримжаатай байх ёстойг анхаарах нь зүйтэй байна. Дахин хэлье. Цагаан сараар архи бэлгэнд өгөхгүй байя. Шинэ жилээ зөвхөн шинэ жилээр л тэмдэглэе. Өрнийхний зул сарын баяр бол гэр бүлийн баяр учир тэнд хавтгай архидалт болдоггүй, гэр бүлдээ бэлэг сэлт авч, гэр бүлээ л баярлуулдаг. Манайхны хувьд бол дэндүү хавтгай, дэндүү урт хугацаанд тэмдэглэх. Энэ бол соёл биш, гэмт хэргийн өдөөгч билээ. Жаахан бодолтой байх...

ХУУЛЬЧ Б. ГҮНБИЛЭГ

2014.12.20

 


Comments

2016-1-9 -

Бичсэн: Зочин

М анайхан гадаад дотоод их явах ..... Би өнгөрсөн 15 оны шинэ жилээр дүү дээрээ Францад очсон..../Энд бол би хааяа л нэг уудаг/ Эхний удаа хүмүүүсийн хажууд 2 рюмка архи санаандгүй ууж орхилоо Манай энд болд хэнч ууна ш дээ 2 рюмкийг... Хажууд байсан хүмүүсийн царай нь хачин болоод гайхаад ... өөрсдөө бол вино л жаахан уух юм байна лээ .... Бидний ууж идэх ч арай дэндүү юм байна лээ...Бид нэг л биш амьдраад байгаагаа мэдэхгүй л байгаа м даа .. Энэ цагаан сар, шинэ жилд ямар их хэрэгггүй зардал гаргаж байна ?......

. Шууд холбоос



Бичлэг: 8 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй

idiomatic-dormant