Хууль эрх зүй
2014-11-16
СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД

Ангилал: 2014

Намрын өглөө... Машины дугуйн хий багасчихаж. Хүүхдээ албанд нь хүргэж өгчихөөд, ойр хавьд дугуй засвар байхгүй тул дугуйгаа нөхүүлэхээр явлаа.

“Дугуй засвар” гэсэн бичигтэй хашааны гадна очиход хижээл насны ах гарч ирээд учир байдлыг сонсоод ажлаа эхлэв. Гудамжинд явж байсан нэгэн залуу, засварчин ахыг таньдаг бололтой мэнд мэдэн, хоорондоо үг солилцлоо.

-Хорооны тодорхойлолт авах гэсэн чинь өгөхгүй гээд хэд хонохоор нь нөгөө компанитай чинь гэрээ байгуулчихлаа ш дээ. Сургууль соёлд хүүхдээ өгөх гэсэн чинь тэр тодорхойлолт чинь заавал хэрэгтэй юм байна. Эхнэр үглээд ер болсонгүй. Тэгээд гэрээ байгуулж байж, тодорхойлолтоо авлаа. Офицеруудын ордны тийшээ хоёр өрөө байраар манай хашааг солино гэнэ. Хэзээ ч орох юм бүү мэд гэнэ. Засварчин ах:

-Ахынх нь хүүхдүүд бүгд том болчихсон юм чинь, шинээр сургуульд орох хүүхэд байхгүй ээ. Ах нь жаахан харзнанаа. Хотын төвөөс тэр хол юугаа хийж нүүхэв дээ. Тэгээд ч хоёр өрөө байраар юугаа ч хийхэв гэв. Залуу:

-Уг нь ч тийм л дээ. Тэглээ гээд яахав дээ. Хүүхдүүд нэгдүгээр ангид ороод л цэцэг энэ тэр бариад явахаар чинь муу охиноо өрөвдөөд болсонгүй. Хүний амьдралд чинь нэгдүгээр ангид орох гэдэг ганц л тохиолдоно биз дээ гэлээ.

Удалгүй өөр нэгэн залуу хамар хашаанаас гарч ирэн бидэнтэй нэгдэж, мань хоёрын ярианд оролцов.

-Үхсэн-нн. Ер нь эд чинь ингээд дээрэмдээд дуусгаж байгаам биш үү. Хоёулхнаа үлдчихээд зурагт мурагтаар гарч нүд болохвий дээ. Аайн гэж хэлэнгээ засварчин ах руу хөгжилтэйгээр зальжин харц шидлэв.

Дугуйгаа ч данхраадаад, тайлаад авчихлаа. Засварчин ах:

-Нөгөө улаан хацарт дарга чинь хойшоо зуслан руу тавьж байсан зам дээр нүүлгүй үлдсэн өвгөнийг зурагтынхантай ирж загнасныг чи яриад байна уу? гээд инээвхийлснээ:

-Үр хүүхдээ бодвол тэр зурагтаар гарах ч яамай байнаа л гэж байна. Энэ үед би ярианд оролцож юу болсон энэ тэрийг лавлалаа. Нэг нь над руу анхааралтай харж байснаа:

-Өөрөө юу билээ. Шүүгч билүү. Эртээд зурагтаар гараад байлуу гэж байна.

-Үгүй ээ, үгүй. Би шүүгч биш. Би зүгээр л хуульч. Та нарын яриад байгааг чинь харина би мэдэх юм байна шүү гээд ярих өвчин хөдлөж, нөгөө гуравтаа “лекц” уншваа гэж... Хэхэ.

Мань гурвын газар бол хувийн өмчийн газар юм байна. Зүгээр нэг эзэмших эрхийн гэрчилгээтэй биш. Тиймээс газарт орох, шинэ хороолол барих нэрийдлээр хувийн өмчийн газрыг төр болон барилгын компани хамтран ийнхүү “дээрэмдэж” авах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй юм. Хувийн хэвшлийн барилгын компани бол мэдээж ашиг олох зорилгоор ажиллаж, бизнесийн ухаанаа шавхаж, иргэдтэй аль болох өөрт ашигтай байдлаар гэрээ байгуулах нь зүйн хэрэг. Энэ бол зах зээлийн жам.

Харин тэр хороо хорины тодорхойлолт өгөхгүй гэдэг нь юу вэ? Энэ иргэний үндсэн эрхэд халдсан тун бүдүүлэг үйлдэл мөн. Иргэн хувийн өмчөө захиран зарцуулахад хөндлөнгийн, тэр дундаа төрийн нэр барьсан ямар ч засаг дарга байж болохгүй юм. Иргэний эрхийг хамгаалах үүднээс хороо хорин ажиллах ёстой байтал харин ч иргэний үндсэн эрхийг уландаа гишгэж, шахалт дарамт үзүүлж байгаа нь Эрүүгийн хариуцлагад татагдах хүртэл онц ноцтой эрх зүйн зөрчил болно.

Манай Үндсэн хуулийн зарчим гэж байна. Иргэний үндсэн эрхэд орон байраар хангагдах, шударгаар олсон өмч хөрөнгөө хэний ч оролцоогүйгээр захиран зарцуулж амар тайван аж төрөх ёстой. Түүнийг төр баталгаажуулж бүх талаар дэмжих үүрэгтэй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн байдаг.

Нөхөх олговортоо иргэд тун сэтгэл ханамжгүй байна. Хотын төвийн А зэрэглэлийн бүсийн хашаа байшингаа хотын зах руу хоёр өрөө байраар солихгүй гэж байгаа нь тэдний л сонголт. Нөхөн олговорын хувь хэмжээг зөвхөн хувийн өмчийн хувь эзэнтэй л тохирох бөгөөд нийт оршин суугчдын 70-аас дээш хувь нь зөвшөөрсөн учир гэж хүч түрэх нөхцөл байхгүй. Нөгөө талаас барилга барихад барилгын компанитай гэрээ байгуулж болохоос ямар нэгэн төр, түүний эрх бүхий байгууллага газрыг дайчлан аваад байгаа юм байхгүй.

Албадан нүүлгэхэд дайн болон онц байдал зарлаагүй л бол бусад ямар ч тохиолдолд хувийн өмчтэй байх, түүнийг өмчлөх эрхтэй. Бид социализмын үеийн Аман хуур киноны Соном өвгөний дүрийг ардчилсан нийгэмд шууд хуулбарлаж, “өвгөн ба түүний хүүхдүүд”-ийг шоолж ер болохгүй. Социализмийн үед хувийн өмчийг хорьж байсан бол энэ нийгмийн үндсэн зарчмуудын нэг нь хувийн өмч мөн.

Нөгөө талаас олон улсын эрх зүй гэж байна. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн байдаг. Энэ нь бид НҮБ болон олон нийтийн хамтын нөхөрлөлийн өмнө иргэдийнхээ эрхийг хамгаална гэсэн үг. НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос гаргасан Ерөнхий зөвлөмж ¹7 (1997), Ерөнхий зөвлөмж ¹4 дүгээрт (1991) хүн бүр албадан нүүлгэх явдал, хүчирхийлэл, бусад аюул заналаас хуулиар хамгаалуулж орон байрны аюулгүй байдлаар хангагдах ёстой гэж заасан байдаг.

Хувийн өмч бол маргаашдаа итгэх бодит үнэмшлийг төрүүлж, жинхэнэ ёсоор хэнээс ч хараат биш амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг учраас хэн нэгэн нөхөр зурагт, хэвлэлийнхэн авчирч, загнавал шүүхэд өгөөрэй. Тэдний ямар нэгэн байдлаар дарамтлах үйлдэл нь өөрөө албадан нүүлгэх шинжийг илэрхийлдэг гэдгийг ойлгох нь зүйтэй. Тиймээс хувийн өмч мандтугай л гэж хэлье.

...Манай гурав их л хөөртэйгээр миний яриаг сонссон бөлгөө.


ХУУЛЬЧ Б. ГҮНБИЛЭГ




Comments

2014-11-18 -

Бичсэн: Зочин

Олон хүнд үүнийг бас ойлгуулж өгмөөр санагдаж байна.

. Шууд холбоос



Бичлэг: 14 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй

idiomatic-dormant