Хууль эрх зүй
2014-12-21
ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД

Ангилал: 2014

Гудамжинд алхаж явлаа. Таньдаг залуу таарлаа.

 -За, юу байна хөгшөөн?

 -Тайвандаа. Ажил тавлаг уу?

-Тавлаг, тавлаг. Засаг төр бужигнах гээд л байна.

-Харин тийм. Гайгүй биз дээ?

 -Мэдэхгүй л байна. Манай даргыг өөр нам гээд халах байх. Тэгэхээр манийг чинь бас хусах байлгүй. Яадаг юм байгаан.. гэх яриа бидний дунд өрнөв. Нөхөр айдастай. Төрийн албан хаагчид хүлээлттэй, зарим нь айдастай. Хэн гэдэг хүн манай даргаар ирэх бол ямар албан тушаалтнуудыг сольж, хэнийг дэвшүүлэх бол, хэн ажилгүй болох бол гэж нойр нь хүрэхгүй орондоо хөрвөөж байгаа. Энэхүү айдсаа дагаад "Би яах бол?" гэсэн асуулт хувь хүнийг зовоож таарна. Тэднийг дагаад төртэй харилцдаг хувийн хэвшлийнхэн ч хямарч эхэлнэ. Шинэ хүнд яаж аятайхан харагдах вэ? Таньдаг мэддэг хүн хэн билээ? гэх мэтээр арга сүвэгчилж эхэлнэ. Нөгөө талаас өөрийгөө шинэ хүний хүн гээд итгэчихсэн гарууд ажилд орох тухай бодож таарна. Хүнийг зүгээр байхад нь тогтолцоо нь өөрөө хүмүүсийг "далдагнах", "бөгс долоох" байдал руу түлхдэг.

... Цааш явж байтал бас л төрийн албаны таньдаг хүнтэй таарав. Би түүнийг мэргэжлийн хувьд чадалтай залуу гэж боддог юм. Засаг төрийн байдлыг асуувал тэр:

-Ер нь залхаж байна шүү. Хувьдаа гардаг ч юм билүү гэж бодох боллоо гэв. Ажил хийдэг хүн өөртөө итгэлтэй, хэнээс ч хамааралгүй, даргатай таарахгүй бол хувьд гараад амьдралаа аваад явчихна гэсэн бүрэн итгэлтэй хагас "пээдгэрүүд" байдаг. Тэр пээдгэрүүд хүнээс юм гуйдаггүй. Хүнд гоё харагдах гэж хичээдэггүй. Төвөг цаашаа гэх мэтээр нэг бодлын нэрэлхүү, эсхүл хэт биеэ тоосон байдаг.

...Мөн цааш явж байтал мөн төрийн албанд ажилладаг таньдаг ах таарав. Мэндлээд нөгөөхөө асуувал:

 -Ахад нь ямар пад байхав дээ. Шинэ сайд ирнэ л биз, явна л биз. Ах нь харьж цайгаа уучихаад ирдэг юмуу гээд явж байна. Аав, ээжийнх нь бие данги биз дээ гээд сэдвээ өөрчлөөд явчихав. Энэ төрлийн хүмүүсийг жинхэнэ пээдгэрүүд гэж болно. Жинхэнэ пээдгэрүүд нь ихэнхдээ энгийн мэргэжилтнүүд, сайндаа л ахлах байдаг. Тэр хүн байхгүй бол өнгөрсөн, одоо, ирээдүй гэж тэр байгууллагад байхгүй. Нүүдлийн шувуудыг тэд угтаж, тэд үддэг. Тэд даруу гэх юм уу, заримынх нь хэлдгээр сэргэлэн биш хүмүүс. Зарим нэг тийм хүмүүс насаараа нэг ажлын байран дээр аль нэг яам, газрын мэргэжилтэн хийгээд л насыг бардаг. Тэдний нийтлэг сайн тал нь олон жил ажилласан учир ажилдаа дадамгай, муу тал нь бас ажилдаа дадамгай учир шинэ юм, санаачлага гаргадаггүй, дадсан юмаараа л байх гээд байдаг, жаахан хуучинсаг. Бас хааяахан хов жив ярина. Тэр хов жив нь харин ч хол ниснэ дээ. Тэд сайд, дарга нарыг олноор үзсэн. Шинээр ирж байгаа дарга нараа харахаар "инээд нь хүрдэг", ерөөс айдаггүй. Энэ яаж "тэнэгтэх бол? нөгөө хэн шиг гар бол уу? эсхүл нөгөөх шиг нь бол уу?" гэдэг л асуулт бий. Олон кино үзсэн учир жинхэнэ пээдгэрүүд аль киногоо дахиж үзэх бол гэсэн асуултаас өөр зүйлгүй. Жинхэнэ пээдгэрүүд хэзээ ч даргадаа ёс алддаггүй. Төрийн алба, протоколын дагуу л харилцана. Ямар ч нийгэмд энэ гурван төрлийн төрийн албан хаагч нар байдаг л зүйл. Хувь хүний мөн чанар нь угаасаа л ийм. Далдаакуудыг өөгшүүлж болохгүй талаас нь хууль гэж байдаг. Гэхдээ хувь хүнийг сонгох тал дээр хууль биш дарга л сонголт хийдэг. Хууль өөрөө сонголтыг даргад үлдээдэг. Төрийн алба ба сонгуулийн зохилдолгоо иймээс ямар ч аргагүй. Үүнд сайд дарга хэн болохоос л бүх зүйл шалтгаална. Тэр үнэхээр бодлогын шийдэл гаргагч уу, эсхүл энгийн нэг намын эрх ашгийг хамгаалагч уу гэдэг нь чухал шалгуур. Далдаакууд архинд нь гүйж, хөдөө гадаа салхинд гарч, даргыгаа байнга магтдаг. Дарга өөрийгөө боддог уу, улсаа боддог уу гэдэг нь хэр олон далдаак цуглуулснаас нь харж болно. Тэрээр ажилд хүн томилохдоо өөрийнх нь үгийг биелүүлэх, үгэнд нь ордог, хааяадаа хүн амьтны гуйлтыг далдуурхан хэлэхэд хурдтай зохицуулчих, далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орох хүнийг сонгож байвал тэр дарга өөрөө том далдаак. Тэрний гараас ажил гарахгүй. Харин эсрэгээр хагас пээдгэр, пээдгэрүүдийг ажилд томилж байвал тэр төрийн албаны удирдах албан тушаалтан мөн. Тэр төрийн бодлогыг барих чадвартай түшмэл бөлгөө.

ХУУЛЬЧ Б. ГҮНБИЛЭГ


Comments

2014-12-22 -

Бичсэн: Зочин

нээрээ тийм билүү гэмээр болжээ. таалагдлаа

. Шууд холбоос


2014-12-22 -

Бичсэн: Зочин

"Үхдэг даага, үлддэг сайр" гэж үг бий. Даанч хүний нэг дуусашгүй том тэнэглэл нь энэ байхгүй юу. Албан тушаалд доль цохисон. Даргаа дагаад на-на-на-на гэж гүйсээр амар ч амьдарч чаддаггүй хөөрхий амьтас

. Шууд холбоос


2014-12-21 -

Бичсэн: Зочин

Далдаакуудыг сайн хэлжээ. Жинхэнэ пээдгэрүүд бол ялзрал дагуулсан хүнд сурталжсан нөхөд байдаг

. Шууд холбоос



Бичлэг: 11 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй




:-)
 
xaax