Хууль эрх зүй
2014-11-25
АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ

Ангилал: 2014

Хямралын үед гэмт хэрэг ихэсдэг. Энэ бол теорем. Эдийн засгийн хямрал болоход нийгмийн сэтгэл зүй хямардаг. Энэ үед иргэдийн архидан согтуурах үйл явц газар авч, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болсон иргэдийн согтууруулах ундаа худалдан авах нь ихэсдэг гэсэн үг. Тийм учраас архи, спирт үйлдвэрлэгчид, түүгээр үйлчилгээ үзүүлэгчдийн орлого нь дагаад ихэснэ.

Архины хэрэглээг хязгаарлахад төрийн зүгээс ямар арга хэмжээнүүд авах ёстой вэ? гэдэг асуулт үүнээс үүдэн урган гарна. Энэ талаар тухайлан судалж үзэхэд сүүлийн үед гэмт хэргийн гаралт ихэсч байгаа төлөвтэй байна.

Үүний учир шалтгаан нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байна. Тэр дундаа архи, шар айраг худалдаалдаг баар, цэнгээний газруудад тавих хяналт сул байна. Тухайлбал Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй баар, цэнгээний газруудад гардаг зөрчлүүдийг авч үзвэл:

1. Үйлчилгээний газрууд зөвшөөрөгдсөн цагаас хойш ажилладаг. Ажиллах цаг шөнийн 00 цаг байна. Ихэнх нь хаалга үүдээ түгжээд хяналт тавих боломжийг бүрдүүлдэггүй.

2. Сүүлийн захиалга нэрээр үйлчлүүлэгчдээсээ их хэмжээгээр согтууруулах ундааны захиалга авдаг. Түүгээрээ шалтаглан үйлчлүүлэгчдийг шаардлага тавьсан цагдаагийн байгууллагын ажилтнуудтай үйл ойлголцсон байдал үүсгэдэг.

3. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж буй иргэдэд цаашид гарах үр дагаврыг тухай бүр сануулж, шаардлага тавьдаггүйн улмаас тухайн иргэд согтолтын хэт өндөр зэрэгт хүрч, цаашлаад гэмт хэрэг үйлдэх эсхүл гэмт хэргийн хохирогч болох үндсийг тавьдаг.

4. Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх нас 21 ба түүнээс дээш байхаар хууль тогтоогч хуульчилж өгсөн боловч баар, цэнгээний газрууд иргэний үнэмлэхийг шалгалгүйгээр үйлчилгээ үзүүлдэг байна. Ингэснээр 21 наснаас доош иргэд гэмт хэрэг үйлдэх, түүний хохирогч болох эрсдлийг бий болгодог.

5. Цагдаагийн байгууллагын удаа дараагийн шаардлага тавьж үл биелүүлсэн тохиолдолд тухайн газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог боловч, тун удалгүй өөр хуулийн этгээдийн нэрээр дахин зөвшөөрөл авч, хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг байна.

Согтууруулах ундаагаар үйлчилж байгаа газар сүүлийн захиалга нэрээр 00 цагаас хойш иргэдэд үйлчилж байгаа нь цагдаагийн байгууллагын баар, цэнгээний газрыг цагт нь хаалгах хууль ёсны шаардлагатай үл нийцэж байна. Иймд захиалгаа дуусгах ёстой гэж үзэж байгаа иргэд нь төлбөрөө иргэний хуульд заасан хэлцэл гэсэн ойлголтын дагуу тухайн газраас цаг хэтрүүлэн “уулгах” бүтээгдэхүүнийхээ төлбөрийг нэхэмжлэх ёстой. Иймд цагдаа цагт нь хаалгахад хүндрэл гарч байгааг харгалзан ИТХ, засаг дарга, цагдаагийн хэлтсүүдээс хууль зөрчиж байгаа газруудад сануулга, албан бичиг илгээх нь зүйтэй байна. Мөн баар, цэнгээний газруудад иргэдэд зориулсан санамж бичиг байршуулах хэрэгтэй юм.

Ер нь бол хуулинд “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газарт 00-06 цагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэж заасан байдаг тул сүүлийн захиалга нэрээр хүнд согтууруулах ундаагаар үйлчлэх нь өөрөө хууль бус тул зарчихаад ууж дуусахыг нь хүлээнэ гэдэг нь байж болшгүй зүйл юм. 23 цаг 55 минутанд архи, шар айргаа сүүлийн захиалга нэрээр зарчихаад, байр савандаа уулгаж байгаа нь үйлчилж байгаа хэлбэр билээ.

Зарим орны туршлагаас харахад АНУ-ын хэд хэдэн мужуудад тэр дундаа Техас мужид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гарсан гэмт хэрэг огцом өссөнтэй холбогдуулан дараах зохицуулалтуудыг хууль тогтоогчид батласан байна.

1. Үйлчлүүлэгч согтсон нь тодорхой болсон байхад бармэн нэмж согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх үүрэгтэй.

2. Үйлчлүүлэгч согтсон нь тодорхой болсон бол түүнд үйлчлэх такси зэрэг тээврийн хэрэгсэл дуудаж өгөхийг санал болгох үүрэгтэй.

3. Хэрэв дээрх хоёр зүйлийг сануулаад үйлчлүүлэгч дургүйцлээ илэрхийлвэл цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

Харин согтолтын зэргийг тодорхойлох эрхийг бармэнд олгосон ба согтсон гэж бармэн үзвэл дахин архиар үйлчлэх ёсгүй. Үйлчлүүлэгч өөрийгөө согтоогүй, нэмж согтууруулах ундаа хэрэглэх эрхтэй гэж ихэнх тохиолдолд маргадаг. Гэвч бармэнд олгосон эрхийг зөрчих нь хууль бус гэж үздэг байна.

Бармэнүүдэд улсын зүгээс согтсон хүний шинж тэмдэгийг тодорхойлох аргуудыг зааж сургана. Хамгийн тодорхой хориглосон зүйл нь нэг цагийн дотор 10 хундага архиар үйлчилж болохгүй. Хэрэв нэг цагийн дотор ийм хэмжээний архиар үйлчилвэл энэ нь бармэний хувьд хууль зөрчсөн үйлдэл болно.

Мөн TABC (Texas Alcoholic Beverage Commission) буюу Техасын Согтууруулах Ундааны Комиссын зүгээс согтууруулах ундаагаар үйлчилж буй үйлчилгээний газрын ажилтнууд ажлын цагийн үеэр согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэж заасан. Зөрчвөл баривчлах ялтай. Учир нь бармэн нь хууль сахиулах ажил хийж байгаа этгээд гэж үздэг байна. Энэ нь бас нэг олон нийтийн оролцооны хэлбэр юм.

Согтуугаар үйлдсэн гэмт хэргийг бууруулахад архи их зарах= мөнгө их олох гэсэн зарчим үйлчилж болохгүй гэдэгтэй АНУ-ын мужууд хүлээн зөвшөөрчээ. Иргэд үүнд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, мэдээлэл дамжуулан ажилладаг. Учир нь согтуу хүн машин жолоодсоноор иргэд, тэдний үр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул занал учруулна. Үүнийг иргэдийн ухамсарт хүргэх олон нийтийн харилцааны үйл ажиллагааг тасралтгүй явуулдаг байна. Зөвхөн машин барих бус, танхай, дээрэм, хүн амины хэрэг гээд бүхий л хэргийн өдөөгч нь архи байдаг тул архиар үйлчилж буй газруудад тавих хяналтыг чангатгах шаардлагатай. Манайхан үүнээс үлгэр аваасай.

ХУУЛЬЧ Б. ГҮНБИЛЭГ

 


Comments


Бичлэг: 12 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй




:-)
 
xaax