Хууль эрх зүй
2015-09-01
ЦЭЭР

Ангилал: 2015

Өглөө явж байсан толгой дээрээс юм цацаад байх шиг байна. Гайхаад харсан чинь нэлээд өндөр байшингийн дээд давхараас цайныхаа дээжийг өргөж буй эмээ байна. Хуралд орох гээд цагаан цамц өмсчихсөн явсан маань жаахан тиймхэн болчихлоо. Тэгсэн хажуугийн зогсоол дээр байсан машины жолооч машин дээр нь цайны дээж туссаныг хараад:

-Эмээ болиочээ. Дандаа ингэж байх юм гэж бачим дуу тавив. Би ч бас урд нь нэлээд хэдэн удаа машин дээрээ цайны дээж цацуулж, угаалгын газар очоод машины будганд нэвчээд өнгө нь өөрчлөгдчихдөгийг мэдэх тул залууг жаал өрөвдөв. Эмээг ч бас өрөвдөв...

... Хуульд тэгж заасан тэгж болохгүй, ингэж болохгүй, хориглоно гэх мэтээр бид мянга ухуулаад иргэдийн сэтгэлзүйд хуулиар хориглосон харилцааг төдийлөн хүргэж чаддаггүй. Харин уламжлалт ёсоо дагадаг, шашин шүтлэгийн багахан ч гэсэн мэдрэмжтэй хүмүүст гол ус бузарлах хийгээд аливаа ахмадын сургаалийг дагахгүй бол "монголоо алдсан юм", муу ёрлож буруу үг хэллэг хэрэглэвэл "амны бэлгээс ашдын бэлэг", үгэнд нь орохгүй хүүхдэдээ "ээжийг нь чөтгөр аваад явчихдаг юм, нүгэл" гэх мэтээр хориглох үйлдлүүдээ цээрт ёсоор төлөвшүүлдэг нь монгол ёс.

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших рашааны эхэнд ийм нэгэн бичээс байна. Түшээ вангийн Түшээт хайрхан

Түмнийг тэтгэх Тэнүүн рашаан

Энэ бүгдийг сэвтээвээс

Эргээд голомтыг чинь самарчих болно

Ар нуруундаа энгэр дагуулсан

Асгат ноён хайрхан

Ан амьтан өвс ургамлаас

Нэгийг л таставаас

Амийг чинь авах болно гэжээ.

Харваас шинэ цагийн бичээс мөн ч гэлээ. Рашаан уух гэж, амарч зугаалах гэж очсон хүмүүс уг цээрийг сүсэглэн дагаж (магадгүй айж), хог буртагаа хаяхгүй ихэд нямбайлан байхыг олж хараад энэхүү бичээсийг бичсэн хүнд, тэр дундаа хууль сахиулах арга зүйд нь гүнээ талархах сэтгэл төрөвөө гэж.

-Их догшин газар гэнэ шүү, миний хүү чихрийн цаасаа битгий хая гэх буюу:

-Энд голын эрэг дээр машинаа угааж болохгүй ээ. Өөр газар очъё гэх хүмүүсийн яриаг сонсоод бас эргэлзээ төрөв.

Догшингүй газрын голын эрэг дээр хог хаяж болно. Энэ рашаанаас холдоод өөр голын эрэг дээр бол машинаа угааж болно гэж байгаа юм шиг сонсогдоно. Монгол нутгийн хаа сайгүй энэ цээр үйлчилдэг гэдгийг хэрхэн яаж ойлгуулах вэ?

Манай буддын шашин агуу гүн ухаан билээ. Гэлээ гэхдээ хэт дотогшоо, гадагш илэрхийлэлгүй гүн ухаан юм шиг санагддаг. Магадгүй гадагш чиглэлтэй ч байж мэднэ. Гадагш чиглэдэггүй ч болгосон байж мэднэ. Христийн сүмүүд маш сайн PR-тай байдаг. Харин манай буддын шашныхан яагаад олон нийтэд энэхүү гүн ухаанаа арга зүйтэй, орчин цагийн PR-ын урлагийг ашиглаж хүргэж чаддаггүй юм бол. Яагаад шинэчлэгдэхгүй байна вэ?

Гудамжинд хогоо хаях, тамхины ишээ шидлэсэн хүмүүст лам нар гудамжинд хог хаявал ажил чинь тэр өдрөө бүтэхгүй гээд сургаад өгч болмоор. Бурхан багшийн хэлснээр эх дэлхийгээ хайрлах нь үүнээс эхлэлтэй гэдэг юмуу, мөхөс ард бидний хэлж мэдэхгүйгээр уран яруу үгсийг хэрэглэн шашны сургаалиа айлдмаар санагдана.

Дэлхий дээр олон эрх зүйн тогтолцоо байдаг. Иргэнлэг эрх зүйн, нийтлэг эрх зүйн, социалист эрх зүйн, шашны эрх зүйн гэх мэтээр судлаачид ангилахыг хичээдэг. Үүнээс шашны эрх зүйн онцлог тал нь нийгмийн харилцааг зохицуулахдаа НҮГЭЛ, БУЯН гэсэн хоёр чигт иргэдийн эрх зүйн ухамсрыг чиглүүлдэг. Тухайлбал, иргэн хүн гарцгүй газраар зам гарах нь элдэв янзын хууль зөрчөөд байгаа зүйл биш зүгээр л НҮГЭЛ үйлдэж байгаа юм. Зөв замаар явбал БУЯН. Гудамжинд хог хаявал нүгэл, хогийн саванд хийвэл буян. Хуулийг ойлгоход нэг их төвөгтэй биш болгож байна. Жишээ нь эмээ хөдөө газар цайныхаа дээжийг өргөвөл монгол ёсоо дагасан сэтгэлийн цагаан булаг болой. Харин хотод цонхон дээрээсээ цай өргөж, хүн амьтны эрхэд халдаж байгаа нь нүглийн нэг төрөл гэдгийг нэг лам хүн сайхан яриад сурталчилаад өгмөөр.

Архи ууж, агсан согтуу тавьж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрвал эрүүгийн хууль зөрчиж байгаа юм биш. Зүгээр л НҮГЭЛ. Тэгэхээр нүгэлтэй л амьдарч болохгүй. Зөвхөн буян үйлдэж явбал цээрийн зорилго оршдог гэсэн үг. Нэг үгээр хэлбэл шашны болоод уламжлалт соёлын цээрээр хуулийг сахиулах нь ердийн ухамсрын түвшинд илүү их үр нөлөөтэй.

Орчин үеийн PR сайтай ламаар Хархорины хийдийн ээжийн тухай дуу дуулдаг лам залууг нэрлэж болно. Хүнд ойлгогдохгүй байгаа далд гүн ухааныг аль болох энгийнээр ойлгуулахыг хичээж явдагт нь баярлууштай.

Иймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн ухамсарыг төлөвшүүлэх ажиллагааг яг л УИХ-ын сонгууль явуулж байгаа юм шигээр аль аль түвшиндээ сурталчилж чадвал цээр хэрэгжих сайн талтай.  Хотын захирагч Э. Бат-Үүл ч юмуу, цагдаагийн дарга нар ч юм уу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн оновчтой зохион байгуулж болох вэ гэдэг талаар энэ олон хийдийн хамба лам, бөө удган, үзмэрч нартай нэг сайхан сууж байгаад саналаа солилцмоор юм. Гэр орон, ажил алба, эд хөрөнгөө далд ертөнцөд даатгах гээд, үзүүлэх, суудлаа засах гээд очдог хүмүүсийг угтаж авсан лам, удган, үзмэрч нь:

-Суудал өнцөгдсөн байна. Өндөр уулын оройд гарч, тэр зүг рүү тийм будаа тэдэн удаа цац гэхээсээ илүүтэй:

-Та ер нь маш их хог машиныхаа цонхоор хаядаг юм байна. Хотын савдаг үүнд чинь гомдоод, таны ажил үйлс бүтэхгүй байгаам байна. Тиймээс хотын савдагаа тахиж, хорооллоос дөрвөн зам хүртэлх замыг сайн цэвэрлэ. Тэгвэл ажил үйлс чинь бүтнэ гэвэл яах бол? Хэ-хэ.

Арай хэтрэх байх. Гэхдээ л арга зам байж таараа. Хотод ч цээр бий, хөдөөд ч цээр бий. Хотын соёл гэдэг нэртэй л болохоос бүгд л монголчуудын соёл билээ.

ХУУЛЬЧ Б. ГҮНБИЛЭГ

 


Comments


Бичлэг: 4 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй




:-)
 
xaax