Хууль эрх зүй
2014-10-18
Уламжлалт морин уралдаан ба эрх зүй: Хүүхдийн эрхийн асуудал-1

Ангилал: 2014

Ихэнх монгол хүүхдийн төрж, өсч буй орчин нь морьтой зайлшгүй холбоотой байдаг тул хурдан морины хүүхдийг арабын орнууд, эсхүл Индонезийн тэмээ, морь унаж уралддаг хүүхдүүдтэй харьцуулж, боолын хөдөлмөр эрхэлж байна, хөдөлмөрийг нь мөлжиж байна гэж хэлж болохгүй юм. Энэ нь бидний хувьд багаасаа нүүдэлчин амьдралын хэв маягт суралцаж, цаашид хөдөлмөрч, аливаад шийдвэр гаргах зөв чиг хандлага, хатуужлыг олгодог, амьдралд бэлтгэх бидний өвгөдөөс уламжилж ирсэн арга зүй юм. Нөгөө талаас морин уралдаан нь уламжлалт хэв маягаа алдаж, бизнесийн зорилготой үйл ажиллагаа болон хувирч, дүн өвлөөс бусад цагт уралдах болсон, уралдааны тоо ихэссэн, үүнийгээ дагаад зарим насанд хүрэгчдийн амьдрах, ашиг олох арга зам болсноос үүдэн, морин уралдаанд оролцож буй хүүхдийн эрхийн асуудал хурцаар тавигдаж байна. Өөрөөр хэлбэл, зарим үед уламжлалт уралдаан бус харин орчин цагийн бизнесийн нэг салбар болж байгаа гэж хэлж болно. Энэхүү харилцаанд оролцогчдыг нэрлэвэл:

1. Хүүхэд,

2. Уяач. Уяач нь дотроо жинхэнэ ба туслах, дэлгэрүүлбэл магадгүй адуучин, маллагч (малчин) гэж ангилагдаж болно./

 3. Морины эзэн буюу морин уралдаанд уяж бэлтгэх зардлыг хариуцдаг этгээд. Энэ тохиолдолд морины эзэн ба уяач нэг хүн байж болно.

4. Морин уралдаанд оролцож буй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч. Мөн энэ тохиолдолд эдгээр хүмүүс уяач байж болно.

 5. Уралдаан зохион байгуулагч төрийн болон төрийн бус байгууллага. Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулж байгаа тохиолдолд Ерөнхийлөгч, Засгийн газар, нутгийн удирдлагын байгууллагууд, эмнэлэг, цагдаа, цэрэг зэрэг төрийн байгууллагууд болон тухайн уралдааны төрлийн төрийн бус байгууллагууд энэхүү харилцаанд оролцдог.

Бусад уралдаанд зарим тохиолдолд уралдаан зохион байгуулагчид нь хэтэрхий өргөн хүрээг хамарч байна. Тухайлбал, мянгат малчны найр, насны найр, овоо тахилга, ямар нэг байгууллагын ойн арга хэмжээ гэх мэт нэрэмжит баярууд болон ярианы хэллэгээр "хамаа" нэртэй жижиг бооцоот уралдаануудаас эхлээд өндөр бооцоот уралдаануудыг зохион байгуулагчид гэх мэт олон этгээдүүд үйл ажиллагаа явуулдаг. Уламжлалт морин уралдаанд ийм олон төрлийн уралдаан байгаагүйгээс шалтгаалан зохион байгуулагчдын тоо ч бага байсан байж болох юм.  Нөгөө талаас унаач хүүхэд нь ихэнхдээ уяачийн өөрийн хүүхэд, эсхүл ах дүүс, таньдаг найз нөхдийн хүүхэд байдаг байсан бол орчин цагт унаач хүүхдийг ажилд авах зар тавих, хүүхдийн уралдаанд оролцож олсон хөлсийг эцэг эх нь хүүхэддээ биш, харин өөрсөддөө хэрэглэх, ингэснээр хүүхдийн хөдөлмөрийг мөлжих гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарч байна. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцийн 3 дугаар зүйлд зааснаар “хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр” гэдэгт:

             (а) боолчлолын бүх хэлбэр болон хүүхдийг худалдах, дамжуулан худалдах, өрийн төлөөс, хамжлагын албат болгох, хүчээр буюу албадан хөдөлмөрлүүлэх, түүний дотор зэвсэгт мөргөлдөөнд ашиглах зорилгоор хүчээр буюу албадан оролцуулах зэрэг боолчлолтой төстэй үйл ажиллагаа,

            (b) хүүхдийг биеэ үнэлэх, садар самуун сурталчилгааны үйлдвэрлэл буюу садар самуун үзүүлбэрт ашиглах, зуучлах, санал болгох;

            (c) олон улсын холбогдох гэрээнд тодорхойлсноор хүүхдийг мансууруулах бодис үйлдвэрлэх, хил дамжуулан худалдах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, зуучлах, санал болгох;

             (d) ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх ажлуудыг тооцдог байна. Эдгээр дөрвөн зүйлийн ажлуудаас хүчээр буюу албадан хөдөлмөрлүүлэх, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц гэсэн шинжээрээ зарим тохиолдолд унаач хүүхдийн хөдөлмөр нь тэвчишгүй хэлбэрт багтаж болохыг ерөөс үгүйсгэж болохгүй. Нэн ялангуяа өвлийн болон хаврын уралдаануудад хүүхдийн эрүүл мэнд хохирох эрсдэл тун өндөр гэдгийг бид мэднэ. Чих, хацраа хөлдөөх, хөлдүү эсхүл шавхайтай газар морь хальтирах, мориноосоо унасан тохиолдолд хатуу газраас болж хүүхэд бэртэх гэх зэргээс шалтгаалаад морин уралдаан сонирхогч бидний үйл яаж ч зөвтгөөд олон улсын гэрээг, нэн ялангуяа хүүхдүүдийнхээ эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Мөн морины эзэн нь ихэнхдээ уяач нь өөрөө байдаг байсан билээ. Харин орчин цагт морины эзэн нь уяачдаа ямар нэгэн уралдаанд нэрийг нь гаргавал өндөр хэмжээний урамшуулал өгөх, уралдаанд морь нь сайн давхиагүй тохиолдолд олон биш ч гэсэн унаач хүүхдийг буруутгах, дарамталж зодох, уралдаан болохоос өмнө хоолыг нь багасгаж хүүхдийн жинг хасуулах, хүүхдийг хууль бусаар хүнд хөдөлмөр эрхлүүлж, уралдаанд оролцоход нь хөнгөн жинтэй болгохын тулд хамгаалалтын хэрэгсэлгүй мордуулах зэргээс зүй бус үйлдлүүдийг монгол хүн хойч үеэ амьдралд сургах зорилгоор бус бизнесийн золиос болгон ашиглах үйлдлүүд гарч байна. Хууль зүйн хувьд эдгээр үйлдэл нь Үндсэн хуульд заасан төрт ёс, түүх, соёлын уламжлал биш юм. Морин уралдааныг зохион байгуулахад тухайн нутгийн эрх мэдэлтэнгүүд буюу ноёд, санваартанууд байсан бол орчин цагт зохион байгуулагчдын хүрээ нь хэт өргөсөж, мөн уралдааны тоо ч ихэссэнийг бид мэднэ.

Уламжлалт морин уралдааныг зохион байгуулахад хувьсгалаас өмнө "Халх журам"-ын зохицуулалт болон зан заншлыг хэрэглэж байсан бол өнөө цагт энэхүү олон тооны уралдааныг зохион байгуулахад нэгдсэн нэг дүрэм үйлчилж чадахгүй байна гэж хэлж болно. Зөвхөн Үндэсний Их баяр наадам, Засгийн газрын тогтоолтой уралдаануудын үеэр хууль болон Уяачдын холбооны дүрэм үйлчилж байна. Орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2011 гэсэн зохицуулалтууд бий ч энэ нь бүрэн мөрдөгдөхгүй байна. Хаана ямар зохицуулалтаар болж байгаа нь тодорхойгүй, хяналтгүй зохион байгуулагдаж байгаа эдгээр уралдаанууд нь нийт монголын морин уралдааны нэр хүндийг унагаах хамгийн том сөрөг нөлөөлөл мөн. Ийм уралдаануудад хүүхэд гэмтэж, осолд орох тохиолдлуудын тоо нь зохион байгуулалт муугаас шалтгаалан ихсэж байгаа юм. Орон нутгийн уяачдын холбооны сонгуульт ажилтнууд хяналт тавихыг хичээх боловч, тэр бүр иргэд төрийн бус байгууллагын төлөөллийн үгийг авах сонирхолгүй байдаг. Цаашид хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Хуульчдын холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагуудын эрх зүйн байдал шиг эрх зүйн байдлыг морин уралдааны төрөлжсөн төрийн бус байгууллагад олгож, үйл ажиллагааг нь төрийн зүгээс дэмжиж ажиллах нь чухал юм. Тухайлбал, хууль, дүрэм зөрчсөн этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгож, жишээ нь уралдааныг будлиулсан уяачдыг дахин уралдуулах эрхийг тодорхой хугацаагаар хасах, хүүхдээс өөрийнх нь зөвшөөрлийн гарын үсгийг авч байх, эрүүл мэндийн үзлэгт оруулж байх, хүүхэд нь уяачийн болон морины эзний өөрийнх нь хүүхэд биш бол хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллах, хөлсийг хүүхдийн банкны өөрийн дансанд хийж байх, албадан хөдөлмөрлүүлж, уралдуулсан бол эрүүгийн хариуцлагад татах, унаач хүүхдийн ажиллах цагийн дээд хязгаарыг тогтоож өгөх, унаач хүүхэд заавал сургуульд хамрагдах, эцэг, эхээсээ тусдаа айлд морь унаж байгаа хүүхдүүдийн бүртгэлийг хөтлөж, шаардлагатай үед цагдаагийн байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд тухайн насанд хүрээгүй иргэнийхээ эрхийн хэрэгжилтийг судлаж, хянах тогтолцоог орон нутгийн уяачдын холбоотой хамтран зохион байгуулах, өвөл, хаврын уралдааныг нэг мөр хориглох гэх мэт харилцааг хуульчлан зохицуулах шаардлага байна. Морин уралдаанд оролцогчдын тоо, уралдааны тоо, уралдах улирал ихсэж, оролцогчдын уралдаанд оролцох сонирхлын чиг хандлага өөрчлөгдөж, үүнийгээ дагаад зохион байгуулалтын чанар муудсан, уяачдын холбоо нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх талаар хуулийн зохицуулалтгүй тул уралдаан зохион байгуулахад баримтлах дүрмийг нэг мөр болгож, зохион байгуулагчдын хариуцлагыг өндөрсгөх, төрийн өмнөөс хяналт тавих чиг үүргийг олгох, морин уралдаанд оролцогчдын эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх нь зайлшгүй шийдэх асуудлууд юм. Өөрөөр хэлбэл, уламжлалт морин уралдааны соёл бус шинэ соёл бий болоод байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга. Монгол морийг хүүхдээр унуулахгүй гэвэл хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй боловч, хүүхэд эрсдэх бүхий л нөхцлүүдийг хаах арга хэмжээг заавал авах, эрсдлийн менежментийг боловсронгуйгаар зохион байгуулах талаар томоохон арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэйг энд дурдах нь зүйтэй.

 

 ХУУЛЬЧ Б.ГҮНБИЛЭГ


Comments


Бичлэг: 21 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй




:-)
 
xaax