Хууль эрх зүй
2014-10-28
БОХИРДУУЛАГЧ

Ангилал: 2014

Өглөө ажилдаа ирсэн чинь манай үйлдвэрийн бохирын цооногны шүүлтүүр бөглөрсөнөөс үйлдвэрийн гаднах автомашины зогсоол дээгүүр бохир ус нарийхан зурвас татуулан урсаж байлаа. Бохир ус явсаар зогсоолын ус зайлуулах нүх рүү ганц нэг дуслаар орж байлаа. Би ч нэг их анзаарсангүй. Бохир ус бохирын хоолой руу урсаж л байна гэх ухааны юм бодоод, ач холбогдол өгсөнгүй. Ийм л байдаг юм байх гэж бодсон нь тэр.

Миний бие монголчуудын л нэгэн адил боломж таарсаных хэдэн сар зүгээр байхаар хэдэн төгрөг олчих санаатай Австралийн нэгэн арьсны үйлдвэрт ажиллаж байсан юм. Мэргэжлээрээ ажиллах ажилдаа орохын тулд хэдэн сар хүлээх шаардлагатай болсон тул тэр хооронд зүгээр суухаар ажил хийхээр шийдээд байлаа. Австрали улсад монголчууд янз бүрийн ажил эрхэлдэг. Миний байсан хотод байдаг монголчууд ихэнх нь буудлын цэвэрлэгч, рестораны зөөгч, за тэгээд зарим нэг боломжтой хөлөө олсон нь мэргэжлийнхээ дагуу ня-бо, програмист зэрэг ажил эрхэлж байсан юм. Харин уг үйлдвэрт манай нутгийн хоёр залуу ажилладаг байсан ба илүү цаг хийгээд байвал долоо хоногт татвар, шимтгэлээ төлөөд гар дээрээ 1500 доллар авдаг гэхээр нь уг арьсны үйлдвэрт орж, жинхэнэ эр хүний чадал шалгасан хүнд ажил хийж үзсэн минь тэр. Би урьд нь гадаадад ажиллаж амьдарч үзэн янз бүрийн ажил эрхэлж үзсэн. Зөөгч, будагчин, аяга угаагч, туслах тогооч гээд ажлууд хийж байснаас хамгийн хүнд нь арьсны үйлдвэрт ачигч, зүсэгч хийсэн минь байсан юм. Уг үйлдвэрт ажилласнаар хөлс гэдэг үгийн утгыг анх ухаарсан. 

Хууль зүйн хувьд хөдөлмөрийн гэрээний дагуу авсан мөнгийг цалин, харин хөлсөөр ажиллах гэрээний дагуу авах мөнгийг хөлс гэж л ерөнхийдөө ойлгож байсан би биеийн хүнд хүчир ажил хийж, хүний биенээс хөлс цутгасны хөлсөнд авдаг мөнгийг ХӨЛС гэж монголчууд нэрлэжээ гэж жинхэнээсээ тайлж ойлгосон санагдана. Ажлын хүндийн тухай яриад яахав, үнэхээр хүнд ажил. Өглөө бүр гарын таван хуруу татчихсан сэрж, хумсны завсраар орсон үс, бохироос үүдсэн идээг цэвэрлээд өдөржин нэг л хэмийн хөдөлгөөнөөр 70-150 кг бүхий үхрийн ширийг дэгээнд өлгөж, түүнийгээ хутгаар сүүл, толгой, шийрийг нь тасалдаг бүх л өдөржин гар ажиллагаа, биеийн хүч шаардсан үнэндээ “аймаар” ажил байсан юм. Толгой, шийрийг нь салгасан арьсаа химийн бодис, давсанд хийгээд эвхэж эмхлээд буцаагаад ачдаг тэрхүү ажлын нэг хэцүү зүйл нь бохир ус. Байнга л усны гуталтай бохир цус, давс, бодистой шалбааг дотор ажиллана. За, энэ ч яахав. Ажил бол ажил. Хөлсөө дуслуулан мөнгө олох нь амьдралын жаргал билээ.
Тэр өдөр ажлаа эхлээд энгийн л явж байлаа. Гэтэл манай босс Добрый гэх македон эр гаднаас муухай орилсоор орж ирлээ. Англи, македон хэлээр түмэн зүйлийн хараал урсган, чухам л юу болов гэмээр галзуурч байгаа македон эрийг харахад үнэхээр аймаар. Юу болсон, яасныг нь асуутал тэндхийн мэргэжлийн хяналтын байцаагч ирээд, өнөөх гадна нарийн зурвас татуулан урсаж байсан бохир усыг хараад манай үйлдвэрийг дөчин мянган доллараар торгох хуудас биччихээд яваад өгчээ.

Дөчин мянган доллар бол үнэхээр их мөнгө. Жижиг, дунд үйлдвэрийн хувьд бол томоохон алдагдал гэдэг нь ойлгомжтой. Добрыйгийн уурлах нь аргагүй. Биднийг тэр дор нь л цэвэрлэгээ хийлгүүлж, бохирын шүүлтүүрийг янзалж, усны эргэлтийг хэвийн болгов. Австралийн арьсны үйлдвэрүүдийн нэг онцлог нь нэг хэрэглэсэн усаа л дахин дахин цэвэрлэж хэрэглэдэг. Үйлдвэрээс нэг ч дусал бохир ус гарах ёсгүй зарчимтай. Цэвэрлэх төхөөрөмж нь ч нэг их хүнд технологи шаардахгүй эд байсан. Усаа шүүлээ, бохирыг нь ялгалаа. Дахин нөгөө усаа ашиглалаа. Дахин шүүлээ. Ердөө ингээд л болоо. Шүүхдээ харин хоёр, гурван хоолой дамжуулдаг. Манай инженерүүдийн хувьд бол энгийн л технологи байх. 
Энэ үед би манай монгол яадаг билээ гэх асуулт өөртөө тавьж байв. Манай монголд яадаг билээ. Уйлмаар.

Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатарын байгаль орчны бохирдол нь Туул голд нөлөөлөх болсон. Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал нь Туул голд цутган орохоос гадна Заамар дахь алт олборлолт ч нөлөөлж буй гэдэг. Манай төв цэвэрлэх байгууламж бохир усыг 95 хувь хүртэл цэвэрлээд, байгальд нь гаргах ёстой байтал дөнгөж тавин хувь цэвэрлээд Туул гол руу хийдэг гэх мэдээ бий. Загас үй олноороо үхэж, үрэгдсэн тухай мэдээг байнга л мэдээгээр хардаг.

Насаа гэдэг блогчины бичсэнээр “Улаанбаатар хотын орчимд Туул голын ус өвлийн улиралд ёроолдоо хүртэл хөлдөж огт урсацгүй болдог. Энэ үед Сонгиноос доош Төв цэвэрлэх байгууламж, Буянт-Ухаагийн цэвэрлэх байгууламж гэх мэт цэвэрлэх байгууламжуудын хаягдал ус голын голидорлоор нилээд зайд ямар ч шингэрч сүлэгдэх усгүй задгай урсдаг. Иймд Сонгиноос доош Алтанбулагийн гүүр хүртэлх хэсэгт өвлийн улиралд хамгийн их бохирдолтой байдаг. Чухам энэ үед цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагааг дээд хэмжээнд хүргэж, хаягдал усыг маш сайн цэвэрлэж голд хаях нь зүйтэй юм” гэжээ.

Үүнээс гадна Улаанбаатар хотын оршин суугчдын тоо жилээс жилд нэмэгдэж, хүн амын нягтрал хэт ихсэж, түүнчлэн хөнгөн үйлдвэр түүн дотроо арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд, цахилгаан эрчим хүч, барилгын материалын үйлдвэрүүд эрчимтэй хөгжихийн зэрэгцээ бага оврын боловч химийн хортой бодисыг үйл ажиллагаандаа хэрэглэдэг жижиг дунд үйлдвэрүүд олширч, тэдгээрээс гарч байгаа хорт хаягдлууд нь их хэмжээгээр Туул голд хаягдаж байна. 
Манай улсын хуулинд байгаль орчныг хамгаалах, түүнд хяналт тавих гол үүрэг бүхий байгууллагууд нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон Нийслэлийн ИТХ, Засаг дарга, дүүргийн ИТХ, Засаг дарга нар гэдгийг “Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд заасан байдаг. Засгийн газрын тогтоолууд, Байгаль орчны сайдын хэд хэдэн тушаалууд байгаа боловч, энэ нь зүгээр л нэг хэлбэр болж хувирсан байна. Хуулийг батлаж, шийдвэр гаргаж болох боловч, яагаад түүнд бүрэн хяналт тавьж чадахгүй байна вэ? гэдэг нь зүгээр л байнга тавигдаж байдаг, хэн ч хэрэгжүүлдэггүй шийдвэрүүд болж хувирсан байна. Манайх байгаль орчны талаар олон конвенцид нэгдэн орж, олон хууль гаргасан ч бодитой үр дүн гарахгүй байгаа нь зүгээр л ямар ч монголоо гэсэн сэтгэлгүйнх. 
Төрийн захиргааны төв болон нутгийн удирдлагын байгууллага тус бүр хуулийн дагуу усны бохирдолтой тэмцэх үүрэг хүлээсэн боловч, нутгийн удирдлагын байгууллагууд энэ талаар анхаарал хандуулж ажиллахгүй байна. Иргэний нийгэм, ардчилал гэдэг нь зөвхөн хүний эрхийн тухай ойлголт биш бөгөөд хүний эх дэлхийгээ хайрлах үүрэг хамгийн нэгдүгээрт тавигдах ёстой ардчилсан үүрэг юм. 
Үндсэн хуульд заасан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх гэдэг нь хамгийн түрүүнд МОНГОЛООРОО байх нийгмийг бүтээх тухай зорилгыг тодорхойлж байгааг цаг тутам санах хэрэгтэй. 
Усны бохирдлын асуудлаар ямар ажил зохион байгуулж байгаа талаар сонирхоход Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрууд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзан Мэргэжлийн хяналтын байгууллагад ханд гэсэн хариу өгч байв. Өөрөөр хэлбэл бохирдлын асуудлыг бид зөвхөн мэргэжлийн хяналтад орхисон байна. Гэвч хуулиар бид бүгдээрээ үүрэг хүлээж байгаа тул иргэд бүх шатны байгууллагын үүргийг байнга сануулж байх нь чухал байна. 

Захиргааны хариуцлагын хувьд ус бохирдуулсан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага ногдуулдаг байна. Хамгийн их нь 50 дахин гэж үзвэл 9 сая орчим төгрөг л байна.

Эрүүгийн хуулийн 205-208 дугаар зүйлд зааснаар бохирдуулагч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Мэргэжлийн хяналтын байгууллага хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлдэг бөгөөд Туул голыг бохирдуулсны улмаас эрүүгийн хариуцлага хүлээсэн нэг ч тохиолдол гараагүй байна гээд ТА БОД ДОО. МОНГОЛЫН ТӨР БАЙГАЛЬ ОРЧИН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ ОГТ ТООХГҮЙ байна гэсэн үг. Улсын төв цэвэрлэх байгууламжийг яагаад өдий болтол зуун хувь ажилд оруулах талаар ХӨРӨНГӨ оруулалтыг шийдэхгүй байж, бид ямар юмныхаа ардчиллыг яриад, төсвийн тухай хууль батлаад, зах зээл, эдийн засаг гэж цэцэрхээд, байгаль орчин хамгаалж байна гээд байгааг бүр ерөөсөө ойлгохгүй юм. Улс өөрөө ийнхүү хуулиа хором бүр, мөч бүр зөрчиж байна. Яг үүнийг уншиж байхад чинь ч гэсэн бохир ус Туул гол руу урсаж л байгаа. Урссаар л байна. Инээж, цалгих ч, хөхөрч хөөрөх ч, улс төр мулс төр ярих ч эрх бидэнд байхгүй баймаар.

 ХУУЛЬЧ Б. ГҮНБИЛЭГ


Comments

2014-10-28 -

Бичсэн: Зочин

"Байгаль орчныг хамгаалах хэрэгтэй байна" гээд ярихад хүмүүс тэр бүр соргог хүлээж авахгүй болсон нь байгалийг нийтийн эрх ашгийн төлөө хамгаалах үүрэгтэй төр үүргээ хэрэгжүүлэхгүй чих нь дүлий нүд нь балай байсны үр дагавар. Байгаль орчны талаарх мэдээлэл өгдөггүй шийдвэр гаргахад иргэдийн саналыг сонсдоггүй. Тэр ч бүү хэл "хуульчдын өмнө гараад байгаль хамгаалах эрх зүйн ач холбогдолтой шийдлийг судаллаа" гэхэд хичнээн мундаг сайн багш нар, хуульчид сонссон байлаа ч нэг их ач холбогдол өгөхгүй байгааг хараад урам хугарч байж билээ. 2011 оны байдлаар байгаль орчны асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн практик манайд байдаггүй. Үнэхээрийн байгаль хамгаалах асуудал өнөөдөр тулгамдаж буй асуудлын нэг болжээ.

. Шууд холбоос



Бичлэг: 17 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй




:-)
 
xaax