Хууль эрх зүй
2014-10-25
ДУУЧИН ЖАВХЛАНГИЙН ЗӨВ ШҮҮ ДЭЭ

Ангилал: 2014

Миний хөгшин ээж энэ жил 90 настай. Ах дүүс маань бүгдээрээ наадмын өдрүүдэд Хан уулынхаа өвөрт цуглахад 350 гаруй хүн болж байлаа. Бүх хүн монгол дээлтэй гэсэн тул монгол дээлээрээ гоёсон ах дүүс маань хэд хоног монголоорооо байж, ямар ч зурагт, утасгүйгээр амарцгаасан юм. Монголоороо байсан хэд хоногтоо адуу малд явж, айргаа хийж уун, хонь байндах, гүзээлзгэнэ түүх гээд хотын бид монгол ахуйдаа автацгаасан билээ. Бидний жаргалтай байгааг эмээ минь хараад: -Дуучин Жавхлангийн зөв шүү дээ гэж билээ.

Монгол Улс тусгаар тогтноод 90 жил болж байна. Олон Улсын эрх зүйн үүднээс өөрийн гэсэн газар нутаг, хүн ам, захиргаатай бөгөөд түүнийг нь бусад улс хүлээн зөвшөөрсөн бол тусгаар тогтносон улс гэж үздэг. Энэхүү ойлголт нь даяаршилын нөлөөгөөр өөрчлөгдөж, цэргийн хүчээр далайлган сүрдүүлж бусдын газар нутагт халдахаасаа илүүтэй улс төр, эдийн засгийн аргаар бусдыг нөлөөндөө автуулах аргаар өөрчлөгдөж байна. Даяаршлыг Жэймс Пэтрас, Хэнри Велмайер нар дараах байдлаар томъёолсон байдаг. 1. Олон улсын хөгжил бол даяаршил юм. 2. Нэг соёл онол дэлхий даяар түгэх бол даяаршил юм. 3. Хөрөнгөтөн орнуудын бусад орныг мөлжих хэрэглүүр нь даяаршил юм гэж үздэг. Хөгжлийн онол судлаач Дикенсийн тодорхойлсноор даяаршил бол санаа бодол, мөнгө, хүн, бараа бүтээгдэхүүний ямар нэг хил хязгааргүйгээр чөлөөтэй эргэх эргэлт, шилжилт юм. Эдгээр тодорхойлолтуудаас харахад даяаршлын тухай гурав дахь тодорхойлолт ихээхэн сонирхол татна.

Хөрөнгөтөн орнуудын бусад орныг мөлжих хэрэглүүр нь даяаршил юм бол эрх зүйн тогтолцоонд энэ байдал хэрхэн нөлөөгөө үзүүлэв. Үүнийг тайлбарлахыг оролдъё. 1960-аад оноос Африкийн олон орнууд колоничлогч орнуудын эрхшээлээс салан тусгаар улс болсноо дэлхий дахинаа зарлан тунхаглаж, НҮБ-ын гишүүн орнууд болж байв. Энэ цаг мөчид тухайн орны эдийн засгийн байдлыг сайжруулах нэрийдлээр олон оронд хэрэгжсэн хөрөнгөтөн орнуудын төсөл нь эцсийн бүлэгтээ тэдгээр орнуудын баялгийг ховх сорж, үндэсний цөөхөн улс төрчид, бизнесмэнүүдийг хөрөнгөжүүлж, нийт ард иргэдийг нь ядуурлын туйл руу хөтөлсөн юм. Нийт баялгийн ашгийн 80 орчим хувь нь гадагшаа гарч, 15-20 орчим хувь нь үндэсний эрх мэдэлтнүүдэд очиж, үлдсэн 5 хувь нь л нийт олон түмэнд хуваарилагдсан гэсэн таамаг ч бий. Бизнес эрхэлж буй хүн бүрийн адилаар гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн боломжит өндөр ашгийг өөртөө гаргаж авах, нөгөө талаас хөрөнгө татах хүсэлтэй улс нь өөрийн баялгаа зохистой төвшинд ашиглуулж, мөн үндэстэндээ ашиг авчрахыг зорих нь зөв. Гадаадын хөрөнгө оруулагч тал нь илүү туршлагатай, тухайн үндэстэн нь хөрөнгө оруулалтын гэрээний дагуу баялгаа ашиглуулах туршлага, үндэсний боловсон хүчин дутмаг байгаагаас тэгш бус гэрээ байгуулж, түүнийгээ хэрэгжүүлэхэд улам бүр харгис харьцаа бий болох тохиолдлууд бий. Магадгүй энэ нь зах зээлийн хууль байж болох юм. Энэ талаар “Эдийн засгийн алуурчид” гэсэн томъёоллоор бид хөөрөлдөж байна. Хөрөнгөтнүүд бусад улсын баялгийг мөлжихдөө ямар арга зам ашигладаг вэ? Энэ асуултын хариуг хиймэл хэрэгцээг ашигладаг гэдэг үгээр илэрхийлмээр санагдана.

Хиймэл хэрэгцээ гэдэг нь тухайн үндэстэн оршин тогтноход зайлшгүй хэрэгцээтэй бус, оюун санаанд нь хиймлээр суулгаж өгсөн эд баялагт шунах хэрэгцээ юм. Тухайлбал, бусдаас онцгойрч, ялгарахыг хүсэх, өөрийн худалдан авах боломжоос хэтэрсэн зүйлд шунан дурлах үйл явц юм. Өөрийн санхүүгийн эх үүсвэр нь хүрэлцэхгүй байхад үнэтэй брэндийн хувцас өмсөх, гар утас хэрэглэх, түлшийг нь дийлэхгүй том мотортой ганган машин унах нь хиймэл хэрэгцээ болно. Жишээ нь, автобусаар явж болоод байхад тав тухаа бодон суудлын тэрэг авч болно. Гэхдээ машинд таарсан түлш, дулаан гарааж, өвөл зуны солих дугуй гэх мэт зүйлсийг хангаж чадахгүй бол эдийн боол болох нь тодорхой. Ийнхүү хүн амыг нь соёлын болон “эрх чөлөө, ардчилал” нэрийн дор сэтгэхүйн эзэрхийлэлд оруулснаар Хүн амыг нь Тусгаар Тогтноогүй Хараат иргэн болгож байгаа юм. Харин хүн амыг нь ийнхүү хөгжил нэрийн дор тархи угаалтанд оруулснаар түүнд газар нутгаа эд баялгаар солих нь хамгийн энгийн зүйл. Учир нь хиймэл хэрэгцээгээ хангахын тулд түүнд яаралтай газар нутгийнхаа баялгийг өгөх нь чухал. Энэ нь хамгийн амар арга бөгөөд Тархи угаалтын ӨГӨӨШ-нд орсон өөрөө баян хэрнээ өөрийгөө ядуу гэж ойлгож байгаа иргэд хиймэл хэрэгцээ ярьсан улс төрчдийг сонгож, тэд нар нь хуулийн дагуу сонгуульд ялж, бусад улсаас зээл авч, түүнийгээ төлөхийн тулд улам ихээр БООВ ҮМХЭЖ байна. Угаасаа бид баян шүү дээ. Ш. Л. Монтескьегийн хэлсэн нь бий. Тэрээр: “…Ардчиллыг хайрлах нь төв дарууг эрхэмлэнэ гэсэн үг. Хүн бүхэн ялгаагүй элбэг дэлбэг амьдралтай, нийгмийн давуу ашиг тусыг адил эдлэж, цөмөөрөө сэтгэлийн жаргалтай, бусдын ижил найдвар өвөрлөх ёстой. Үүнийг зөвхөн нийт даяараа төв дарууг эрхэмлэн байж л олж авч болно” гэж хэлсэн нь бий. Бид төв даруу хүмүүс биш улам ихээр “боов” идэж байна. Тусгаар тогтносон улсын тусгаар тогтноогүй хүмүүс юм биш үү, бид.

ХУУЛЬЧ Б. ГҮНБИЛЭГ

 


Comments

2014-11-18 -

Бичсэн: xvv

Яг бодож явдаг зүйлийг бичжээ.

. Шууд холбоос


2014-10-29 -

Бичсэн: Зочин

Тусгаар тогтноод 113дах жил болж байна, энийгээ ч сайн мэдэхгүй байна даа бид нар. Түүхээ өөрсдөө гуйвуулдаг байхад юун ирээдүй

. Шууд холбоос


2014-10-26 -

Бичсэн: Зочин

уг нь бид чинь гаднаас хамааралгүй улс шүү дээ

. Шууд холбоос



Бичлэг: 18 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй




:-)
 
xaax