Хууль эрх зүй
2014-11-03
ЦАГДАА НАЙЗ

Ангилал: 2014

Хүүгээ цэцэрлэгээс нь аваад, машиныхаа урд суудал дээр суулгаад харих гэж явав. Түгжрээн дунд удаан суусан хүү минь удалгүй залхаж, сандал дээрээ гарч зогсон, ийш тийш сониучирхан харан машиныхаа цонхыг дээш доош болгон дэггүйтэв. 
-Миний хүү зүгээр суу, ингэж болдоггүй юм гэж хэлэхэд хэсэг зуур томоотой суусан хүү маань хүүхэд л болсон юм хойно дахин дэггүйтэв. Ашгүй уулзварын голд цагдаа зогсон, ажлаа хийж байна.

-Цагдаа, цагдаа гэж эгээ л “хадны мангаа”-гаар айлгах лугаа сүр бадруулан, түргэн түргэн хэлэхэд өнөөх маань айж сандран, түргэн зуур суудалдаа суулаа. Сандарч мэгдсэн хүүгээ хараад өрөвдөхийн сацуу өөрийгөө юу хэлж хүүхэддээ буруу үлгэр дууриал үзүүлээд байгаагаа анзаарлаа.

Нэг,  би хүүхдээ машины урд суудалд, тэр дундаа хүүхдийн зориулалтын суудалгүй авч явсан. Тэгэхэд хүү минь нас бага. Хоёр, би хүүгээ цагдаагаар айлган сүрдүүлж, “номхруулж” авсан нь хууль сахиулагчийг сайн хүн биш муу хүн мэтээр ойлгуулж. Энэ бол буруу үлгэр дууриал. Ингэхэд яагаад ЦАГДАА-ХАДНЫ МАНГАА гэж?... 
... Төрсөн өдөр минь болж, найзуудтайгаа гарч зугаалав. Хэдэн он ч байсан юм, оюутан л байсан юм даг. Бааранд орох санаатай явж байтал гудамжинд хэдэн халамцуу баньди нар (баньди нар ч юу байхав, залуучууд) өдөж, сөдөөд хөөрхөн юм боллоо. Нэг нь ер нь цор цор хийлээ. Бид ч бас мөчөөгөө өгсөнгүй. Гэхдээ зодоон цохион болоогүй юм. Цагдаа нар ирлээ. “Ашгүй цагдаа нар ирлээ” гэх ухааны юм бодож байтал харин эрүүл байсан биднийг бас ачина гэнэ. “Юу болов, яав” гэж байтал түс-тас хийгээд тортой газар руу нэг найзтайгаа хамт явчихав. Эрүүл хүнийг эрүүлжүүлдэг МАНГАА ш дээ. Гэхдээ энэ улирсан түүх. Хүнтэй маргасан нь миний буруу...

…Аан нээрээн нэг юм мартчихаж. Тэр газраас үүрээр гарсан юм. Цагдаа ах хаана юу хийдэг вэ? энэ тэр гэж байснаа миний төрсөн өдөр болж байгааг мэдээд: 
-Чи ч овоо муу гар юм даа. Ахынхаа зулай дээр гишгээд төрчихөж гэв. “Толгой дээр нь гишгэсэн гэх нь үү” гэх ухааны юм бодон гайхан зогстол, би 25-нд цагдаа ах 26-нд төрсөн аж. Ах “мужик” зан гаргаж, намайг 10.000 төгрөгөөр торгоно гээд тавыг нь хурааж аваад, тавыг нь надад буцааж өгөн: 
-Май ахын дүү, энэ ахынх нь төрсөн өдрийн бэлэг. Гараад найзтайгаа нэг шил юм аваад уучихаарай гэх нь тэр. Хариуд нь юу гэж хэлснээ лав санахгүй байна. Юу гэж хэлэхээ ч мэдээгүй байх.

Энэ бол одоогоос арав нэлээд гаран жилийн өмнө болсон түүх. Хожим олон цагдаатай таарч, олон ч цагдаад загнуулж, заримд нь хичээл зааж, зам дээр зогсоо заримыг нь өрөвдөөд л хажуугаар нь өнгөрч явна. 
АНУ-д сурч байхдаа нэг удаа цагдаатай хамт лифтэнд орсон юм. Энгийн 4,5 иргэн нь хана руу байдгаараа шахаж зогсоод, харин сүрлэг хувцастай ганган цагдаа лифтний голд ташаагаа тулж зогсчихоод их л пээдгэр байсан юм даг. Тэдний хуулиар цагдаад нэг метрээс илүү ойртож болохгүй, ойртвол нам буудуулж мэдэх аж. Австралид мөн жимсний зах дээр цагдаа нар хөгжим тоглоод явж байхыг харсан. Зүгээр нэг цагдаагийн чуулга биш, тэр гудамжны цагдаа нар гэж хэлэхэд ихэд гайхаж билээ.

Долдугаар сарын 1. Цагдаа нар үйлээ үзэж, өрөвдөлтэй харагдсан. Жагсаал, цуглааныг зөвшөөрөлгүйгээр зохион байгуулсан хүмүүс уг жагсаалаас үүдсэн хохирлыг барагдуулдаг. Энэ нь онол биш. Дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим. Герман ч бай, америк ч бай хаана ч ялгаагүй. Хүний амь үрэгдсэн. Магадгүй цагдаа ч үүнд буруутай байж болно. 
Харин буудсан гээд байгаа олдоогүй. Өмнөөс нь цагдаагийн хурандаа, генералууд л үүрч гарсан. Хүний амьтай зүйрлэхийн аргагүй ч, цагдаа улс төрийн болон эдийн засгийн үйл ажиллагааны золиос болж болохгүй. 
Монголын цагдаа нарын нэг үе нь ирэхээр нөгөө үеэ цэвэрлэж байна. Гол нь “цэвэрлэгээ” хийх ёстой “хог” тэнд үүсч болохгүй. Иргэд хэнд нь итгэхээ мэдэхгүй байна. 
Эрх зүйн шинэтгэл нь:

1. хууль тогтоомжийн шинэтгэл,

2. тогтолцооны шинэтгэл,

 3. мэргэжлийн боловсон хүчний шинэтгэл,

4. эрх зүй судлалын шинэтгэл,

5. эцсийн бүлэгтээ иргэдийн эрх зүйн ухамсрын шинэтгэлийг хийхэд оршдог. Энэ бүх таван шинэтгэлийн эхний хоёр хэсгийг зөв улс төрчдийн шууд оролцоогоор хийж болох бөгөөд харин гуравдахь шинэтгэлийг нь хуулийн бүхий л байгууллагынхан өөрсдөө нуруун дээрээ үүрэх ёстой. Эрх зүйн судлалын шинэтгэлийг судлаачид хийх нь зүйн хэрэг. Харин тавдахь буюу иргэдийн эрх зүйн ухамсрын шинэтгэлийг хуульчдын оролцоотойгоор иргэд өөрсдөө хийж таарна. Энэ бүх шинэтгэлд төрийн эрх зүйт ёсыг дэмжсэн ямар нэгэн хогийн улс төргүй, улс төрчид нь зөвхөн бодлогын түвшинд удирдан ямар хэргийг яаж шийдэх талаар ямар нэгэн шийдэл өгөх, эсхүл авалгүйгээр ажиллах нь чухал. 
Цагдаа цагийн найз гэж зүгээр нэг үг гараагүй. Угаасаа цагдаа бол найз биш. Монгол төрийн цагдаа бол гэмт хэрэгтэй тэмцэгч, нийтийн хэв журам хамгаалагч, олон нийтийн аюулгүй байдлыг хангагч юм. Түүний үүргэнд хэн нэгэнтэй найзлах тухай огт заагаагүй. 

Нийгмийн бүхий л салбарт нөлөөлөөд байгаа өнөөгийн хөөсрөл нь цагдаагийн байгууллагад ч нөлөөлж байна. Энэ байгууллага савсаг улс төрийг дагасан цөөн цагдаа дарга нарын золиос болж таарахгүй. Цагдаа гэдэг үгээр хуулийн байгууллагын бүхий л ажилтнуудыг шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөн байцаах чиг үүрэг бүхий хуулийн байгууллагын ажилтнуудыг бүгдийг нь төлөөлүүлэн хэлмээр байна. Мэргэжлийн боловсон хүчний шинэтгэлийг бид олон сая хүн амтай улсууд шиг шууд бүгдийг нь халаад, шинээр шинэ ажилтнуудыг авах тухай ярих ямар ч боломж байхгүй. Хуулийн байгууллагынхан өөрсдөө бид оюун санааны хувьд, шинэчлэгдмээр байна. Мөн нөгөө талаас иргэд бид хүүхэддээ “ХАДНЫ МАНГАА”-нуудыг зохиож багаас нь хүндлэл биш айдас хургуулмааргүй байна. Иргэдийн ухамсар, эрх зүйн соёлыг төлөвшүүлэхэд иргэн-хуулийн байгууллага хоёрын харилцаа, итгэлцэл чухал. 

Цагдааг өөрийн хүн гэхээсээ илүүтэй цагдаагаас иргэд айдаг байсан бол улс төрчид, сэтгүүлчдийн тоглоом болсоноос нь хойш үнэндээ олон нийт өрөвдөж хардаг болж байх шиг. Нэг л нэг тийм эргэлзээтэй харц. 
Гадаад орнуудад яагаад цагдаа нар нь гудамжиндаа дуу дуулаад, хөгжим тоглоод иргэддээ ойртох бүхий л арга замыг хайгаад байна вэ? Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх буюу crime prevention яагаад манайд орхигдоод байна вэ? Цагдаа үнэхээр зөвхөн цагдах ажиллагаагаа буюу crime control хийгээд байна уу? Бодлогоор яагаад дэмжихгүй байна вэ? Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд Төрийн болон төрийн бус байгууллагууд ямар хэлбэрээр оролцох ёстойгоо яагаад одоо болтол мэдэхгүй байна вэ? Хэн дутуу ажиллаад байна вэ? 
Шинэчлэл нэрийн дор цагдаагийн байгууллагад хийсэн зарим шинэчлэл нь цагдаагийн байгууллагын сүр хүчийг унагаж байгааг анхаарч, бодлогын түвшинд арга хэмжээ авах нь зүйтэй. Би энд хувцасны тухай ярьсангүй. Олигтой цалингүй цагдаагийн ажилтнуудад ядаж, цолыг нь хэвээр үлдээх ганц боломж ч үлдээхгүй яавдаа гэж халаглаад байгааг нь ядаж хүлээн зөвшөөрмөөр юм, энэ эрх зүйн хөөсрүүлэгчид. Бид одоогоор цалин хангамж сайн өгч чадахгүй байгаа, тэдэндээ. 
Савсаг улс төрчид явна, харин түүний найз цагдаа түүнтэй хамт, магадгүй түүний өмнөөс явна гэдгийг мартаж болохгүй. Улс төрч цагийн найз, харин цагдаа бол төрийн хүн. Тэр бол монгол төрийн нүүр, ард түмний нөхөр билээ. Хамгийн гол нь эрх зүйн шинэтгэлийн гол зорилго болох иргэдийн эрх зүйн ухамсрыг төлөвшүүлэх үндсэн гол субъект нь юм. Дахин хэлье цагдаа найз гэж байдаггүй юм. Байх ч ёсгүй.

 

ХУУЛЬЧ Б. ГҮНБИЛЭГ 


Comments

2014-11-18 -

Бичсэн: xvv

Бодууштай юм байна.

. Шууд холбоос



Бичлэг: 16 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй




:-)
 
xaax