Хууль эрх зүй
2014-10-22
“ЦОЛ ЗАРДАГ” БӨХ

Ангилал: 2014


                   -Ээ, чааваас гэж нагац ах маань халаглана. Хотоос ирсэн дүүгээ айл хунарынхаа хүүхдүүдтэй барилдуулаад, нөгөөх дүү нь уначихаар ихэд харамсав.

Уг нь би бусад хүүхдүүдээс өсгөлүүн биетэй, жин ихтэй хүүхэд байлаа. Ямар сайндаа нутаг орондоо нэр хүндтэй бүдүүн Жаамаа гуай надад Бүдка гэж хоч өгөхөв. Гэхдээ хөдөөгийн хүүхэд хотын манийг бодвол биеэр бага ч гар чангатай, шөрмөстэй. Том биетэйн нэг зовлон бий. Барилдаад давахаар нэг их тоохгүй. Харин жижиг биетэй хүүхэдтэй барилдаад унахаар хүмүүс ихэд баясдаг байж билээ.  

Бөх бол тулаан юм. Бас унах, унагаахдаа өөрийн гэсэн ёс, дэг журамтай монгол үндэсний өв соёл юм. Өв соёл гэдэг нь ард түмний өмч гэсэн үг. Энэхүү өв соёлыг авч явж буй бөхчүүд нь зүгээр нэг тулаанчид биш, төрийн хуулийн дагуу өв соёлын үйл ажиллагаанд оролцдог эрхмүүд билээ.         

Найрааны асуудал нь энэ жил улам хурцаар тавигдаж байна. Бөхчүүд бие биенийгэээ шүүмжилж, захиа хүртэл бичлээ. Төрт ёсны энэхүү өв соёлыг хадгалахын тулд бөхчүүд ийнхүү өөрсдөө оролцож байгаа нь хамгийн зөв үйлдэл гэж дэмжиж хүлээн авч байна.

Монголын Үндэсний  бөхийн барилдааны оролцогч субьект бөх нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 3.1.5.-д “тамирчин” гэж спортоор системтэй хичээллэж, тэмцээнд оролцдог этгээдийгхэлнэ гэсний дагуу тамирчин гэсэн ойлголтод хамаарагдах бөгөөд түүний эрх, үүргийг тус хуулийн 15 дугаар зүйлд заасан байдгаар бөхийн эрх зүйн байдал тодорхойлогдоно.

Хүнээс мөнгө авдаг найраачин бөх нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг, 26 дугаар бүлгийн Захиргааны журмын эсрэг гэмт хэрэг, 28 дугаар бүлгийн Албан тушаалын эсрэг гэмт хэргүүдийн аль нэгний бүрэлдэхүүний шинжийг хангасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно. Эдгээрээс Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг болон Захиргааны журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй бөгөөд нэг нь нөгөөдөө мөнгө амалж, түүний хариу болгож ашигтай нөхцөл бий болгож, үүнээс үүдээд нийгэмд учруулсан хор, уршгийн байдлаараа Албан тушаалын эсрэг гэмт хэрэгт хамаарагдахаар боловч субьектийн хувьд хүндрэлтэй.

Эрүүгийн хуульд заасан албан тушаалын эсрэг гэмт хэргийн  субьект нь  албан тушаалтан буюу тусгай субьект байхыг шаарддаг. Харин бөх нь албан тушаалтан биш юм.

...Их сургууль төгссөн хойноо нагац ахынхаа ятгалгаар сумандаа барилдаж, би бээр сумын заан хэмээх өндөр хүндтэй цолны эзэн болсон юм. Үүндээ урамшсан нөхөр дараа жил нь аймгийнхаа наадамд барилдаад дөрөв давж орхилоо. Дөрөв даваад сууж байтал нэг зүс үзсэн нөхөр ирээд:

-Ахын дүү ямар бодолтой байна. Аймгийн начин болоход нэг л даваа үлдчихлээ. 700 мянган төгрөг өгвөл ах нь зохицуулна шүү гэх маягийн юм ярив. Яг үнэндээ би өгвөл өгчих л байсан. Тэр үед эрх зүйн ухамсар энэ тэр гэж ерөөсөө юм бодогдоогүй юм. Угаасаа урд нь цол авахад мөнгө өгдөг ёстой ухааны юм яагаад ч юм бэ тархинд маань суучихсан байж. Ахаасаа асуулаа. Яах уу? гэсэн чинь:

-Миний дүүг дийлэх хүн энд алга л гэж байна. Нээрээн хараад байсан чинь намайг дйилэх хүн байхгүй юм шиг санагдаад, бяр амтагдаад явчихлаа.

Өөрийгөө цол зардаг гэсэн нөгөө ах хүүд:

-Би энэ жил түрүүлнээ. Тийм юм байхгүй гэж “томорлоо”. Их л бяртай байж. Нэг аймгийн начин, хоёр аймгийн арслангаар би дөрөв давчихсан, ер нь түрүүлж болмоор санагдаад биеэ тоосон хэрэг.  

За ингээд тавын даваа эхэллээ. Гурван хүнээс намайг нэг аймгийн начин залуу амалжээ. Туранхай бор залуу байна. Барьж аваад хумиад шидчихье гэсэн чинь нөгөөхөө дийлдэггүй дээ. Гар нь чанга, нуруу нь уян санаснаар болдоггүй. Нэлээд үзлээ. Амьсгаатай дээрээ татаад мордчихъё гээд үзтэл харин сөрж хутгуулаад ахар сүүлээрээ чанга унав. Засуул маань босооч гэсэн чинь босох гэсэн чинь бөгсөн бие мэдээгүй болчих шиг санагдаад арай л гэж босоод тахимаа өглөө. Үзэгчид ч яахав, том биетэй бүдүүн залууг ганган хутгасан өнөөх дүүг уухайлаад л. Намайг шоолонгуй харцаар хараад л, нөгөө багын явдал санаанд оров. Зарим нь намайг худлаа уначихлаа, энэ өгчихлөө энэ тэр гэнэ. (Ядаж байхад нөгөө залуу маань цааш сайн барилдаж, түрүүлээд арслан болчихсон юм).

Урамгүйхэн ах дээрээ очлоо. Нэлээн суув. Ах юм дуугардаггүй.

-Тэр 700 мянгыг нь өгчихдөг байж. Зарим нь намайг худлаа уначихлаа гээд байна шүү дээ гэтэл ах уурлан:

-Битгий солиор, чи. Төрийн наадмын дэвжээ рүү тэгж нулимахгүй шүү. Зарим нь хуцаж л байдаг юм гэх нь тэр. Юу гэхэв. Хожим энэ үгийг бодох нь ээ. Үнэн л байсан байгаа юм.

Спортын эрх зүй судлаж, төрт ёсны түүхээ улам бүр уншин таньж яваа хуульч хүний хувьд харахад тийм бодол төрж байсан нь үнэхээр ичгэвтэр хэрэг билээ. Би барьцтайгаар нь өөртөө тохиолдсон зүйлийг л бичлээ. Өөрөөр найрааны начин гэдгийг хэн нь хэдэн төгрөгөөр зарж, авч байгааг би үнэндээ хараагүй. Байдаг байх гэсэн харыг бол сониноос хүний амнаас л сонссон. Улсын цол өчнөөн зуун сая л гэнэ. Аймаг, суманд найраа замбарагаа алдаж байна л гэх.

Ер нь найраа гэж юу вэ? Яагаад гарах болов. Нэг талаас том цолтон өөрт олгосон эрхээ хэтрүүлэн, мөнгө аван хэрэглэж байгаа бол гутамшиг. Гэхдээ би энэ гутамшиг гэдэг үгийг мөнгөөр худалдан авч, нөгөөх нь зарж байгаа гээд байгаа хүмүүст л хаяглаж байгаа юм. Түүнээс биш залуу сайн бөхийг дэмжээд амлаж байгаа хүмүүсийг хэлж байгаа юм биш. Улсын арслан Самданжигмэд 48, Цоодол 47 настай байхдаа Х.Баянмөнх, П.Дагвасүрэн нарыг 19 настай байхад нь сайн бөх болно гэж тавын даваанд амлан авч цол олгож байжээ. Сайхан сонсогдож байгаа биз. 

Ер нь сүүлийн үед улсын цол авч байгаа бөхчүүдийг харахад хэнийг нь ч улсын цолтон биш гэж хэлэх хүн алга байна. Үндэсний Бөхийн холбооны зүгээс 4-ийн давааг нугалдаг болсон нь жинхэнэ хүчийг үзэх нөхцлийг бүрдүүлсэн гэж хэлж болно. Тухайлбал, 2012 онд П. Бүрэнтөгс, Б. Пүрэвсайхан, Ж. Амартүвшин, Р. Пүрэвдагва, Б.Сугаржаргал, 2013 онд Н.Батсуурь, Н.Түвшинбаяр, Э.Оюунболд, Л.Цэрэнтогтох, Т.Баасанхүү, 2014 онд Ч.Батчулуун, Б.Суманчулуун, Н.Адъяабат, Л.Лха-Очир, Б.Бадамсүрэн нар улсын цолтон болжээ. Эд нарын хэнийг нь улсын цолтон биш гэх вэ? Бүгд сайн бөхчүүд.

Нэг найздаа энэ талаар ярихад:

-Сайн хүмүүс цол авч байгааг нь хүлээн зөвшөөрнө. Гэхдээ амлаж байгаа том цолтнууд нь наадуулыг чинь зүгээр нэг авахгүй заавал мөнгөөр амлаад байгаа юм биш үү. Тэгээд хөөрхий хамаг хүчээ, цаг заваа зарцуулсан залуучууд чинь хүн амьтан царайчилна. Зарим нутгийн зөвлөл нь өөгшүүлнэ шүү дээ гэж бас нээрээн тийм ч байж болно гэх хардлагыг төрүүлэв. Нэг хүн ингэж хэлж байна гэдэг нэлээд хэдэн хүн ингэж бодож, хардаж байгаа гэсэн үг. Тэгвэл бид энэ талаар ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Тэгвэл ингэе. “Улсын цол зарж” мөнгөждөг гээд байгаа зарим нэг цолтнуудыг татварын байцаагч нар “жинхэнээсээ” шалгаг. Урлагынхан шалгууллаа л гэхээс биш, бөхчүүдийн орлогыг шалгасан талаар мэдээлэл л лав сонсоогүй. Ямар нэгэн өөр орлогогүй хэрнээ ямар мөнгөөр тансаг амьдраад байгааг нь шалгаг. Энэ бол мууг нь үзэх гэсэн үг биш, харин зүгээр л татварын хуулиа хэрэгжүүлж байгаа явдал. Хууль бусаар хөрөнгөжсөн эсэхийг нь, гэр бүлийн орлогыг нь шалгаад эхлэх нь нэг том алхам. Тэгвэл буруу гарууд залхана, зугтана. Дараагийн нэг зүйл нь гадаад орнууд шиг “энэ харилцааг эрүүжүүлье”. Угаасаа Авлигын эсрэг конвенциороо энэ бол авилга.

Шинээр бичигдсэн Гэмт хэргийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7-д:

Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн, эсхүл зохих ёсоор хэрэгжүүлээгүйн төлөө бусдаас шан харамж авсан нь хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн нь Үндэсний Их Баяр наадмын тухай хуулиар эрх олгогдсон “цол зардаг” том цолтонд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгож, улмаар энэ зүйлээр гэмт хэрэгт татах зохицуулалт болж байна.

Нөгөөх үгүйсгэдэг найз маань:

-Тэгсэн ч гэсэн худлаа даа. Цаадуул чинь зохицуулаад л “цолоо зарна”. Унаж байгаа нь үнэмшилтэй, давж байгаа нь жүжиглэлттэй гэх юм.

Өөрийг нь хэн байхад нь хэн болгосон торгон ногоон дэвжээ рүүгээ дахин дахин хууль зөрчин нулимахгүй байлгүй дээ. Ядаж монгол заяанд нь, үр хүүхдэд нь халтай бизээ. Цолыг нь хураагаад, шүүхийн хаалга татаад ирэхээрээ “цол зардаг” нөхдүүд, түүний зуучлагч нар яах бол.   

Үндэсний бөхийн холбоо шалгадаг газар нь биш, хуулиар олгосон эрх мэдэл ч байхгүй тул шалгадаг байгууллага нь шалгаад, олон нийтийн өмнө нэр цэвэр бөхөө нэг сайхан үзэх юмсан даа. Худлаа хардуулах ч бас муухай л даа.

 

 ХУУЛЬЧ Б. ГҮНБИЛЭГ


Comments

2014-10-23 -

Бичсэн: A.Delgermaa (зочин)

Unshihad ih sonirholtoi bailaa. Neeree l naadmiin boh, morinii uraldaan zeregt zohitsuulalt heregtei ni jil bur ulam l todorhoi bolood bgaa yum. Bohchuuded heden sayaar ni bair mashin gej baihaar huuliin tusliin ajliin heseg gargaj, bohchuud, mori uyachid, Gunbileg zereg mergejliin huulichdiig oroltsuulj, ajliin hesgiig tsalinjuulj sain huulitai, juramtai boloh heregtei.

. Шууд холбоос


2014-10-22 -

Бичсэн: Даваа (зочин)

Зөвхөн хуулиар ч явахгүй эд байхаа даа энэ. Хэзээ нэг зөв ухарсарж сууж, ёс сухтахуунтай болох юм байгаа юм.:

. Шууд холбоос



Бичлэг: 19 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй




:-)
 
xaax