Хууль эрх зүй
2014-10-07
БАЙЦААН ШИЙТГЭХ ПИ-АР

Ангилал: 2014

Өнгөрсөн оны хавар өдрийн цайны цагаараа аавындаа очлоо. Хүний төрсөн гэр орон, ээжийн чанасан цай гэдэг цаанаа л нэг сайхан байдагдаа. Тэр зуур зурагт эргүүлэн тухлаж суутал утас дуугарав. Таньдаг нэг ах маань сандран ярьж байгаа дуулдана. -Миний дүү яаралтай өмгөөлөгчийн хэрэг гараад байна. Чи ирж тус болооч гэнэ. Ямар хэрэг вэ? гэтэл цагдаа, цэрэгтэй хэрэг дуулдаад явчихлаа.

Утас цохитол манай эрүүгийн хэргийн өмгөөлөгч маань Ганц Худаг дээр байна гэнэ. Яаралтай хотын төв рүү ирэхийг хүсээд, яаран гарлаа. Цайны цаг гэдэг маань өдрийн 1 цагаас илүү хэтрээгүй гэсэн үг. Явсаар өмгөөлөгч хэрэг болсон танилынхаа хүн дээрээ яваад очлоо. Уулзлаа. Өмгөөлөгч ч удалгүй ирлээ. Тайлбар авах байх, зүгээр байх гэж үйлчлүүлэгч маань хэлэв. Өмгөөлөгч найзтайгаа танилцуулж, нөгөө хүнтэйгээ хамтад нь оруулчихаад юу болохыг нь хүлээзнэх зуур цаг нөхцөөхөөр шийдэн нэт ухтал харин саяхан тайлбар өгөхөөр орсон үйлчлүүлэгчийг маань аль хэдийнээ хоригдсон, ямар хэргээр хоригдсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл нэтүүдээр дүүрэн цацагдчихаж. Гайхаад юу болоод байгааг лавлан эрүүгийн өмгөөлөгч рүүгээ мессеж бичтэл “хорих энэ тэр гэсэн юм яриагүй байна, тайлбар өгч байна” гэнэ. 

Үйлчлүүлэгч маань ч тэр, өмгөөлөгч нь ч тэр мэдээгүй байхад яагаад нэтээр дүүрэн мэдээлэл гарчихав, энэ чинь шүүхийн шийдвэр гарах ёстой энэ тэр гэсэн юм бодож суув.  

Гэр орных нь сандралдаад л над руу залгаад байдаг. Би хэлэх үг олддоггүй. Хоригдоогүй нь үнэн юм чинь хоригдоогүй л гэж хэлэв. Хүмүүс интернэтээс мэдээлэл авцгаасан нь тодорхой.

Нөгөө хоёрыгоо удахгүй гараад ирнэ байх гэж хүлээн суусаар байтал оройн долоон цаг боллоо. Гэтэл “Шийдвэрийг сая танилцууллаа. Ганц худаг руу явуулах нь” гэсээр найз маань гараад ирэв. Яг юу болоод байна гэж хоёул хоорондоо гайхан ярилцав.

Үйлчлүүлэгч маань хоригдсон. Шалгасан. Хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин үйлчлүүлэгч маань гэм буруугүй байж, гэм буруутан шиг жил гаран тарчилсан даа. Энэ хэргээс угтаа улс төр гээч нь хууль гээчийг гартаа оруулсан нь ҮНЭН гэдэг нь тов тодорхой харагдсан.            

Миний хэлэх гээд байгаа санаа бол яагаад хүн өөрийгөө хоригдох эсэхийг мэдээ ч үгүй зүгээр явж байхад, мөн өмгөөлөгчтэйгээ уулзаагүй байхад хүнийг хоригдсон талаар хэвлэл мэдээлэл мэдээлж байна вэ? Өмгөөлөгч нь яагаад бусад хүнээс бүр сүүлд мэдэж байна вэ? Хууль сахиулах байгууллагын ямар хүн нь хувь хүний мэдээллийг үйл явдал болоогүй байхад хэвлэлийнхэнд түрүүлээд өгчихөөд байна вэ? Энэ нь хэнд ашигтай вэ? Хууль хэнд үйлчилээд байна вэ? Байцаан шийтгэх ажиллагааны хууль гэж байгаа боловч түүнийг хэн хэрэгжүүлж байна вэ? гэдэгт л оршиж байгаа юм.    

Хэвлэл мэдээллээр байнга шахам цацагдаж буй өнөө цагийн хэргүүд чухамдаа гэмт хэргийг илрүүлж, гэмтнийг гэсгээх гэхээсээ илүүтэй урьдчилан шоудах, улс төрчдийн бие биенийгээ намнах, эс бөгөөс бусдыгаа барьцаалж, өөрийнхөө үнийг өсгөх өрөөсгөл зүг рүүгээ хэдийнээ хэвийж, нийгэм ч түүнийг нь хүлээн зөвшөөрч байна. Ялангуяа сүүлийн хоёр, гурван жилд энэ ажиллагаа ихээхэн ширүүсч, дуугарч эсэргүүцдэг ч хүмүүсийн тоо олширч байна.

Угтаа байцаан шийтгэх Пи-Ар гэж байж болох боловч (үнэндээ Criminal Procedural Public relations гэж байхгүй), энэ нь зөвхөн хуулийн хүрээнд тэр дундаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд явагдах ёстой юм. Түүний хамгийн гол нөхцөл нь хэний ч нэр төрд халдаж болохгүй гэсэн зарчим. Энэ зарчим нь шүүхээр гэм бурууг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэмт буруутайд тооцож болохгүй гэдэг зарчмаас үүдэн гарах нь ойлгомжтой. Хүний эрхийн хамгийн наад захын стандарт хэрхэн алдагдаж, гэмт хэрэг хийгээгүй хүн гутаан доромжлогдох нь эрүүдэн шүүгдэхийн нэг хэлбэр юм. Шүүхээр асуудал нь ороогүй байхад түүнийг гэм буруутай гэж нийгэмд ойлгуулах нь шууд эрүүдэн шүүх ажиллагаа мөн. Манайх хүний эрхийг хамгаалсан мундаг олон конвенциудад нэгдсэн ардчилсан орон гээд байгаа.

Өнгөрсөн намар Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр нэг уулзалт семинар болов. Микрофон авч байгаад Хууль зүйн сайдаас “Яагаад хууль зүйн сайд байцаан шийтгэх ажиллагааг танилцуулаад, ямар хүнийг цагдаа, авилгалтай тэмцэх газар шалгаж байгаа талаар хэвлэлийн хурал дээр мэдээлээд байна вэ? Та хэргүүдийн талаар яасан сайн мэдээд байна вэ? Та байцаан шийтгэх ажиллагаанд оролцох ёсгүй. Энэ чинь Үндсэн хууль зөрчиж байна. Тэр тусмаа Авилгалтай тэмцэх газар, Прокурор, Улсын мөрдөнгийн ажлыг өмнөөс нь танилцуулах ямар хэрэг байна вэ? Тэр байгууллагуудад чинь хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үүрэгтэй ажилтнууд нь байгаа шүү дээ. Та боль л доо” гэтэл манай хүн өөдөөс харин “Би хүмүүсийн мэдэх эрхийг хүндэтгэж байгаа юм. Тиймээс би авилгалтай тэмцэнэ” гэж бадрангуй хариу өгсөн. Одоо “Мэдэх эрх”-ийн сайд маань өөрөө “мэдэгдчихээд” баларч явах шиг байна.  

Гол асуудал нь хэн нэг хүнийг яагаад хорьсон, яагаад шалгаж байгааг олон нийтэд зарлах тухай ямар хуулинд заасныг хэлж мэдэхгүй юм. Хүний нэр төрийг хамгаалах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг “мэдэх эрх” гээчээр нам цохиж байгааг бас ойлгохгүй юм. Угтаа хууль болон олон улсын конвенциудаар улс төрчдийн дур зоргыг хязгаарлахын тулд л хүний нэр төр, алдар хүнд гээч юмыг яриад байгаа шүү дээ.

Гэтэл манай эрх зүйн шинэтгэл, эдийн засгийнхны ярьдаг шиг “ХӨӨСРӨЛ” бий болгоход гол анхаарлаа төвлөрүүлж байна. Худал амлах, хий даажигнах нь хуулийн салбарт байж болшгүй үзэгдэл. Үүнээс олон мянган монгол хүн хохирно. Эргээд хууль, хуульчдын нэр хүнд унана. Цаашлаад Үндсэн хуульт ёс, улсын Тусгаар Тогтнол үгүй болж байна. Удахгүй байцаан шийтгэх Пи-Ар гээч сэдвээр хууль зүйн салбарт эрдмийн зэрэг хамгаалах вий дээ. Тэр ажлыг хэн удирдаж хамгаалуулах вэ? “Авилгалтай тэмцэх газар, Тагнуулын байгууллага хоёр Ерөнхий сайд, хууль зүйн сайд нараас болоод бие бие рүүгээ байцаан шийтгэх Пи-Ар ашиглаж зөрчилдсөн нь” гэдэг сэдэв байж болох юм. Энэ сэдвийг барьж авсан хүн удирдагчдаа мөн их загнуулна даа. Удирдагч загнахаараа ер тайлбар сонсохгүй загнадаг. Учир нь түүнд загнах эрх бий. Хөөрхий муу шавь удирдагчийнхаа үгийг сонсохгүй бол сэдвээ хамгаалж чадахгүйд хүрнэ. Гэхдээ энэ сэдэв нь нэгдүгээрт хуулийн сэдэв биш, хоёрдугаарт ямар ч шинжлэх ухааны ач холбогдолгүй. Улс төрчид байцаан шийтгэх Пи-Арыг сүүлийн гурван сонгуулийн турш амжилттай ашигласан. Одоо сонгууль дууссан тул ялсан хүчин дотроо эрх мэдлээ булаалдахад ашиглаж байна. Одоо больмоор юм. Байцаан шийтгэх Пи-Ар гэж эрх зүйт төр ярьж байгаа газар угаасаа байх ч ёсгүй юм.    


Comments


Бичлэг: 24 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй




:-)
 
xaax