Хууль эрх зүй
2015-02-09
ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ

Ангилал: 2015

...Яагаад ч юм бэ? Ичих сэтгэгдэл төрөөд байлаа. Үнэхээр ичмээр. Өөрийнхөө, өөрсдийнхөө байж байгааг бодохоор ичлээ. Бид ч дээ гэж өөрийн эрхгүй байгаа байдлаасаа, өнөөгийн амьдарч байгаа байдлаа харахаар нэг тиймэрхүү...

...Аав маань түүхийн багш хүн бөгөөд Хөх хотын их сургуулийн зочин профессороор ажиллаад нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм. Жилдээ нэг хоёр удаа Хөх хотын Их сургуульд очиж лекц уншина. Ээж бас аавыг даган очиж, хоол цайг нь хийнгээ, эмч, домчид үзүүлнэ. Явах болгондоо л хамт явъя гэдэг байсан боловч, очоод аавын шавь нар бүх зүйлд нь тусалчихдаг гэж сонссон учир нэг их санаа зовох зүйлгүй тул ажилтай, завгүй гэх мэтээр Хөх хот явах тохиол бүрдэхгүй байв.

Харин энэ жил явж үзлээ. Хөх хот яахав байдаг л нэг хот байна. Бодож байснаас монголчууд нь дэндүү цөөхөн юм. Ер нь л Хятад юмаа. 

Нэг өдөр бид Өвөрмонголоос цааш явж, цагаан хэрэм үзлээ. Жуулчдын ихээр очдог бидний мэдэх нөгөөх Цагаан хэрэм бол Мин Улсын үед барьсан хэрэм юм байна. Тэр бол зөвхөн нэгхэн жаахан хэсэг нь аж.  

МЭӨ VII зуунаас эхлэн барьсан цагаан хэрэм нь хойд зүгийн нүүдэлчдийн довтолгооноос хамгаалах зорилготойгоор баригдсан ба хэрэм нь нийтдээ дотогш, гадагш барьсан хэсгээр нь тооцвол 21196 километр урт үргэлжилдэг аж. Үүнээс 8850 км нь онцгойлон үндсэн хамгаалалтын бүсэд ордог байж. Ихэнх газар нь 3 давхар барилга шиг өндөртэй, шавраар хийгдсэн байх юм.  Агуу их монголын үр сад бид чухам хүмүүсийг ингэтэл нь хөдөлмөрлүүлж, хэдэн зуунаар, хэдэн арван үеэрээ ийм лут том хэрэм барьтал нь айлгаж байсан гэхээр үнэндээ гайхам, сүрдэм аж.     

Сүрдэн гайхах, бахархахын зэрэгцээ ичих, эмээх сэтгэгдэл үнэндээ төрөв. Өдөр бүр зурагтаар гардаг бидний удирдлагууд биднийгээ яахын учир ийм хямралтай байдалд оруулав, өнөөдөр бид яагаад ийм агуу их байг гэхгүймаа гэхэд, байнга л мөнгөгүй, зүдгүүр байгаагаа хэлж, гаслах болов гэхээсээ илүүтэй би бяртай монголын үр сад байж, өнөөгийн нийгэмд ямар сайн зүйл хийж, яаж хүмүүсийг эх оронч байлгаж чадах вэ? Хувь хүний хувьд би Монгол юм бол монголыг монголоор нь авч үлдэхийн тулд юу хийх ёстой вэ? гэдэг бодол л өөрийн эрхгүй толгойд орж ирсэнээ нуух юун.  

Эх орон гэж юу вэ? Эх орон хаанаас эхэлдэг вэ? гэдэг асуултанд хүн бүр янз бүрээр хариулдаг. Бид багадаа түүх, нийгэм, монгол хэл, уран зохиолын хичээлүүд дээр байнга л энэ сэдвээр зохион бичлэг бичиж, шүлэг цээжлэж, багшийнхаа өгсөн даалгаврыг хийдэг байж. Болж л өгвөл эх орон гэдгийг бид хөдөө тал, хил, нутаг дэвсгэр, ахуй амьдрал, ээж ааваараа төсөөлж ярьдаг байсан. Ерөнхийдөө нийгмийн төлөөх суурь хүмүүжил төлөвшүүлэх гэж ийнхүү бүхнийг нийтлэгээр нь авч үздэг байсан болов уу. Энэ нь ч зөв.

Гэхдээ хэтэрхий ерөнхийгөөр эх орны тухай ойлгох нь хувь хүн өөрийгөө тэр эх орондоо багтаахгүй, болж л өгвөл үүрэг хариуцлагаа умартчих гээд байдаг өрөөсгөл сэтгэхүйг бий болгох гээд байдаг. Нэг үгээр хэлэхэд залхаг бодолтой, би гэдэг зөвхөн хувь хүний тухай л бодохоос би Монгол хүн гэх тодотголтой хүний тухай огт бодохгүй байна.

Ардчилал гэж орилсоор, түүнийгээ шагшин магтсаар 25 жилийн нүүр үзлээ. Ардчилал агуу юм, үнэн. Гэхдээ ардчилал маань ард хүндээ ашигтай байх ёстой билээ. Гэтэл ядуу хоосны ялгаа улам ихэсч байна. Хувь хүмүүс хэт амиа хичээсэн, амин хувийн шуналд дарагдсанаар энд хиймэл ардчиллын тухай бид цээжээ дэлдэн ярихаас өөрөөр хэтрэхгүй байна.

Төр барьж байгаа нөхдүүд улаан цайм хууль зөрчсөн үйлдлүүдийг хийсээр, үй түмээрээ бид харсаар л байна. Улс эх орныг сүйрүүлж байна. Хий хоосон баахан шүүмж, баахан яриа л үлдэж байна. Яриад, шүүмжлээд үнэндээ ядарчихлаа. Залхчихлаа. Ийм байх ёстой гэж үү.     

Мэргэжил маань хуульч учир мэддэг юмаа л ишлэе. 2012-2014 оны улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээг авч үзвэл 2012 онд 22089 гэмт хэрэг гарчээ. 2013 онд 25362 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 15 хувиар өссөн байна. 2014 онд 27318 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 1956 гэмт хэргээр буюу 7,7 хувиар өссөн байна. Сүүлийн гурван жилд дандаа өсөлттэй.  2014 онд нийслэлд 1725 гэмт хэргээр буюу өмнөх оныхоосоо 11,2 хувиар өссөн байна.

Гэмт хэргийн гаралт бол тухайн нийгмийн хөгжлийн хамгийн том үзүүлэлт юм. Хамгийн чухал үзүүлэлт ийнхүү сөргөөр өссөөр байгаа нь хэнтэй холбоотой вэ?

Элбэгдоржоос уу? Алтанхуягаас уу? Сайханбилэгээс үү? Энхболдуудаас уу? Хэнээс болж байна вэ?

Нэг хэсэг цахим сүлжээгээр “гуравхан сая хүнтэй, 50 сая малтай, сая таван зуун мянган километр квадрат газар нутаг нь дан баялагтай ийм улсыг ядуу байлгах нь асар их ухаан” гэж ирээд л бид өөрсдийгөө баахан л өхөөрдсөн дөө.   

...Яагаад ч юм бэ? Ичих сэтгэгдэл төрөөд байлаа. Үнэхээр ичмээр. Өөрийнхөө, өөрсдийнхөө байж байгааг бодохоор ичлээ. Бид ч дээ гэж өөрийн эрхгүй байгаа байдлаасаа, өнөөгийн амьдарч байгаа байдлаа харахаар нэг тиймэрхүү...

Одоо больё. Энэ бүхнийг засах аргыг өөрсдөөсөө эхэлье. Эх орон танаас, надаас эхэлнэ. Та, би ажилсаг байж, байж болох сайн сайхан бүхнийг өөртөө шингээе. Өөрийгөө хайрлая. Эрүүл мэндээ бодож, орой үдэш бага гаръя. Өглөө эрт сэрье. Архиа багасгаж, айргаа их ууя. Эх орондоо үйлдвэрлэснийг хэрэглэе. Хогоо гудамжинд хаяхаа зогсооё. Энэ урианууд дэмий нэг уриа биш. Зөвхөн бидэнд биш надад, танд, чамд хувь хүнд чинь хэлж буй уриалгууд билээ.

Бидний нэрийг Гүнбилэг, Болдоо, Батаа, Сугараа, Цэрэн, Оюунаа, Нэргүй, Дорж, Дондог, Дулмаа гэдэг. Үүнийг уншигч Таныг хэн гэдэг вэ? Та Монгол хүн үү? Монгол хүн бол Эх орон Танаас эхэлнэ.

Хажууд чинь хэн сууж байна. Тэр хүн чинь ч мөн эх орны нэг хэсэг билээ. Тусгаар Монгол Улсын Тусгаар тогтносон иргэн шиг байцгаая.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж заасан.         

Энэ юу гэсэн үг вэ? Хөдөлмөрлөх гэдэг нь битгий залхуур гэсэн үг. Эрүүл мэндээ хамгаалах гэдэг нь архи, согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлаж, зохих цагтаа унтаж, зохих цагтаа сэрж, элдэв муу зуршлаа хая гэсэн үг. Бие чинь таны юу хүссэнээ хийдэг зүйл биш, Таны өмч ч биш, эх орны өмч гэсэн үг. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлнэ гэдэг бол Таны хүүхэд гэхээсээ, эх орны хүүхдийг өсгөн хүмүүжүүлнэ. Түүнд зөв үлгэр дууриалал үзүүл гэсэн үг. Байгаль орчноо хамгаал гэдэг нь ядаж Та хамаа замбараагүй хог бүү хая гэсэн үг. Энэ үүргүүдээ ойлгоогүй бол МОНГОЛ болж жүжиглээд, эзэн Чингисээ яриад, цагаан сар, наадмаар гоё ганган дээл өмсөөд ТА МОНГОЛ БОЛОХГҮЙ.   


ХУУЛЬЧ Б. ГҮНБИЛЭГ

 


Comments


Бичлэг: 6 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй




:-)
 
xaax