Хууль эрх зүй
2015-01-23
АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?

Ангилал: 2015


...Хайртай бүсгүй минь нүүрэндээ мишээл тодруулан жаргал дүүрэн ахуйд, залуу эрийн бие сэтгэл эвхрэх зүйлгүй тэнэгэр ажгуу. Харийн нутгийн үзэсгэлэнд нүд сохрох ахуйд, харин гэрээ санах мэдрэхүй үргэлж сэргэлэн тольдоно.

2001 оны наймдугаар сарын нэг өдөр. Парис хотын төвийн нэгэн дүүргийн зочид буудлын тагтан дээрээс харсан зүйл маань одоо болтол санаанаас гардаггүй юм. Харсан зүйл маань ч гэж дээ, зүгээр л нэг зодоон. Харин тэр зодооныг хараад төрсөн сэтгэгдэл минь л санаанаас гардаггүй гэж хэлэх гэсэн юм.

Тэр жилийн оюутны зуны амралтаар Европ явж, аяга угаагч, гал тогооны туслах ажилтан хийх боломж олдсон юм. Үүнийхээ хажуугаар өглөө нь сонин тарааж, амралтын өдрөөрөө зөөгч, будагчин гээд тааралдсан бүхнээ хийдэг байв.

...Өнөөх дэлхийн алдарт, үзэсгэлэнт, хайр дурлалын хот Парис шүү дээ гэх мэтээр өөртөө ихэд сэтгэл ханамжтайгаар хэлэн зогслоо. Үнэндээ би гурван сар зогсоо зайгүй ажиллаж, хэдэн төгрөг олоод хайрттайгаа Парисыг үзэхээр ирсэн минь энэ байлаа. Эр хүний хувьд найз бүсгүйгээ дагуулан зугаалж байгаадаа сэтгэл хангалуун байсан хэрэг. Гэхдээ бас монголоо, гэр орноо, найз нөхдөө их санаж байлаа.

Гэтэл буудлын хажуухны автозамын уулзвар дээр хоёр машин мөргөлдлөө. Хүмүүс бүгд сонирхоод л, хоёр франц эр бууж ирээд л бие бие нь рүүгээ гараа чичлэн хэрэлдэж гарлаа. Тэгснээ юу юугүй л барилцаад авлаа. Нэг нь нөгөөгөө машиныхаа хамар дээр заамдан боож унаган, дээрээс нь дарлаа. Тэгсэн нөгөөх нь доороос нь нүүр рүү нь сайхан хуслаа даа.

Сэтгэл улам сэргээд, нэг л тийм кайфтай болоод явчихлаа. Яг л монголд байгаа юм шиг ... Гэрээ санаж байсан сэтгэлд нэг тийм гоё мэдрэмж. Цус хөөрөөд л, бахдалтай ч юм шиг.

Европт ирээд гурван сар болоход ингэж хүмүүс зодолдож байхыг хараагүй юм. Ялангуяа миний ажиллаж байсан ресторан маш том хотын төвд байдаг байсан тул хоёр машин мөргөлдвөл, хоёулаа гарч ирээд даатгалын компаниудаа дуудан маш боловсоноор харилцдаг. Тэр дороо л даатгалын компанийнхан нь ирж, өөрсдийн унаж ирсэн машинаа осол гаргасан жолооч нарт өгч явуулаад өөрсдөө үлдэж өнөөх машины зураг хөргийг авч үлдэх зэргээр хурдан боловсронгуй менежменттэй байсан учир осол гаргасан жолооч нар ингэтлээ зодолдож байхыг би хараагүй. Магадгүй осол дандаа хараагүй, ганц нэгийг харсан маань их өндөр даатгалтай жолооч нарын гаргасан осол ч байсан байж болох юм.

Ажил дээр маань залуучууд хааяа нэг хэрэлдэх үе гарах боловч, худлаа л бие бие нь рүүгээ хорон үг хэлж, үсрээд л заамдалцаж байснаас өөрөөр цохиж, зодолдож, нармайгаа нээлцэж байсныг санадаггүй юм. Тэдний соёл бол манайхтай харьцуулахад зодолдож нармайгаа нээлцээд байдаггүй. Тухайн үед их хиймэл санагддаг байж.

...Багын дурсамжаа санахад бидний үеийн багынхан, наяад оныхон гэж хэлж болох юм, ер нь маш их зодолддог байж. Хичээл тараад л атамаанаа үзэх гэж зодолдоно. Тэр зодоон маань яг л мэргэжлийн тамирчдын тулаан шиг болдог байсан даа. Дүрэм нь уйлах юмуу, хамраас нь цус гарсан бол зогсоох ёстой. Би ер нь даруу талдаа хүүхэд байсан боловч, байсхийгээд л ийм зодоонд оролцдог байлаа. Учир нь энэ зодооныг зохион байгуулагчид гэж айхтар улсууд байсан. Ихэнхдээ ахлах ангийн хүүхдүүд юмуу, эсхүл атамаануудын найз нар болох нэг тийм жижиг биетэй, зальтай, хөдөлгөөнтэй гарууд байсан шиг санагддаг. Өөрсдөө айхтар зодолдоод байхгүй ч гэсэн, зохион байгуулахдаа гаршсан улсууд байсан. Одоогийнхоор бол шоу менежерүүд юмуу даа. Манай сургуульд Чебурашка, Гэрлээ, Отгоо, өөр хэн хэн билээ нэг хэдэн шоу менежерүүд байсан санагдана. Атамааныг нь үзнэ гээд л хүүхдүүдийг хооронд нь зодолдуулдаг байж.

Шоу менежерүүдэд зодолдмооргүй байгаагаа хэлэхэд:

-Ээ, чи айгаад байгаа юмуу? Аймхай гар вэ? Хүүхдүүдээ энэ айгаад байна, харж байна уу? гэх мэтээр шоолно. Хариуд нь мань мэт:

-Үгүй, би айгаагүй, за хэмээн нэрэлхэх, уцаарлах хоёрын завсраар хэлэхээр:

-Айгаагүй юм бол үзчихээч, аймхай гар байж гэх мэтээр ятгана.

Ингээд л зодолддог байсан санагдана. Манай сургуулийн хажууд нэг цэцэрлэг байх. Тэр цэцэрлэгийн буланд их зодолдож дээ.

Харин сүүлд 15, 16 нас хүрээд нэг их тийм зохион байгуулалттай, үзэгчидтэй зодоон хийхээ больчихдог юм. Тэр үеэс эхлээд ер нь арай ухаан суудаг. Гэхдээ л хэн нэг нь найз нөхдийг нь дээрэлхэхэд багынх шигээ “энэ надаас том хүүхэд байна, олуулаа байна” гэх мэтээр эргэлзэж, тээнэгэлзэхээ л больчихсон байсан.

1980-аад оны бидний үеийн хүүхдүүдэд бие биендээ омгорхох, барих, бариулах (дээрэмдэх, дээрэмдүүлэх) тийм явдлууд байсан. Одоо ч байдаг байх. Асуудлыг хүчирхийллээр шийдчих гээд байдаг нэг тийм зан.

...Европт өнгөрүүлсэн зун, ажил хөдөлмөр эрхэлж, олон хүмүүстэй таарахад тэр дунд мэдээж дургүй хүргэсэн худалч нар, хүний хийснийг өөрөө хийсэн мэтээр дарга нартаа тайлагнадаг ажилтнууд, худлаа инээмсэглэсэн хүмүүстэй таарч байсан тул монголдоо байвал “нармайг нь нээчих юмсан” гэх сэтгэгдэл төрж байсан. Харин яг тэр үед хоёр франц эрийн зодооныг Парист харсан минь тийм мэдрэмж төрүүлсэн юм.

АСУУЛТ. Яагаад бид хүний газар нэрээ хичээгээд, өөрийн нутагтаа байсан бол зодчих юмсан гэж бодох болов? Манай Монгол Улс тийм цөс ихтэй, ууртай, биеэ барьж чаддаггүй эрчүүдийн амьдардаг газар уу? Яагаад сая шинэ жилийн дараа олон залуучууд манай ажил дээр танхайн гэмт хэрэгт холбогдон өмгөөлөгч авахаар ирцгээв? Яагаад бид нийгэмшиж, чадахгүй байна вэ? Хүн цохивол ямар ял авах, хэдэн жил шоронд суух талаар манай залуус мэдэж байгаа болов уу?

Хүүхдүүд томроод нийгмийн олон харилцаанд оролцох мөчүүд, тухайлбал баар саванд орох, архи пиав уух, баяр ёслол тэмдэглэх үедээ агсам тавих, сэтгэл санааны цочролд орох зэргүүдэд, мөн хий омгорхох, худлаа нэрэлхсэнээсээ болоод зодоонд оролцох гэх мэт энэ олон АТАМААН ЗАН-г хазаарлахгүй бол манай нийгэм шоронжих нь ээ. Эрүүгийн хууль маань шоронжсон хууль гэхээсээ илүүтэй, энэ хууль үйлчлэх нөхцлүүдийг багасгах шаардлагатай байна.

Миний одоогоос 14 жилийн өмнө бодож байсан зүйл, одоо мэргэжлийн хүний үүднээс харах хоёрт ийм зөрүү байна. Европт өсвөр насныханд танхайрах гэмт хэргийн тухай яс маханд нь шингэтэл ойлгуулж, хичээл заасан байдаг байна. Миний харсан хоёр франц эр тэрнийгээ мартсан нөхдүүд байсан байх.

Өнөөгийн монголын залуус, дүү нар маань, хүүхдүүд маань АТАМААН ЗАН-тай. Учир нь өвөө нь, аав нь, ах нь бүгдээрээ АТАМААН ЗАН-тнууд. Иймд дээд үе нь ч бас хичээмээр, үлгэр дууриалал үзүүлмээр санагдана.

Үүнийг уншигч хүн бүр өөрийн дүү нар, хүүхдүүддээ, магадгүй багш хүн байвал шавь нартаа дараах зүйлийг заавал уншуулж, магадгүй зарим нөхдүүдэд цээжлүүлмээр байна. Эс бөгөөс гай газар дороос, гахай модон дотроос гэж олон аавын хүүхэд үйлдлийнхээ хор уршгийг мэдэлгүй өнөөх АТАМААН ЗАНгаараа хэрэгт орж мэднэ.

Монгол эр хүн бүрийн дотор хэдийд ч тулалдахад бэлэн нэг тийм сэрэл байдаг байх гэж боддог. Яг буланд шахуулаад ирэхэд, нэг тийм гэнэт сэрдэг. Тулалдаад яахав, зугтаана биз гэж. Хэ-хэ.

Нөхдүүдэд доорхыг цээжлүүлээрэй.

Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл “Танхайрах”.

181.1.Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

181.2.Энэ хэргийг:

181.2.1.догшин авирлаж;

181.2.2.нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтан, төрийн болон олон нийтийн төлөөлөгч, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж;

181.2.3.урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд;

181.2.4.давтан;

181.2.5.бүлэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

181.3.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.

Зэвсгийн чанартай зүйл гэдэгт чулуу, төмөр, шил гээд бараг бүх зүйл орно шүү. Зодолдсон бол 3 жил хүртэл, цагдаа ирээд салгах гэхээр өөдөөс нь эсэргүүцсэн бол 5 жил, гартаа юм барьж зодолдсон бол найман жил хүртэл шоронд суух нь ээ гээд л ойлгочих. Дахин хэлье, гай газар дороос шүү. Атамаан байх албагүй шүү, ойлгоорой доо.


ХУУЛЬЧ Б. ГҮНБИЛЭГ

 


Comments


Бичлэг: 7 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй




:-)
 
xaax